Түүхэн замнал

  • 2023-03-21 15:34:11

Түүхэн замнал, хөгжлийн түүхээс

Увс аймгийн шүүхийн 1931-1940 оны үеийн хөгжил

      Монгол Улсын арван дөрөвдүгээр оны арван сарын гучин буюу аргын тооллын 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг баталсан байна.

      Анхдугаар Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт Улсын дээд эрхийг барих газрын тухай зааж, мөн бүлгийн тавдугаар зүйлийн арван нэгд “Улсын шүүх таслах газруудын ба хэргийг явуулах дүрэм хэмжээ, мөн иргэний ба эрүүгийн хууль дүрмийг тогтоох” тухай заасан байна.

      Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны дараа Эрүүгийн болон Иргэний хууль, байцаан шийтгэх хуулийг боловсруулах, ардын шүүхүүдийг жинхэнэ ёсоор байгуулах, хэргийг явуулах дүрэм хэмжээг тогтоох ажлыг эхлүүлжээ.

      Засгийн газрын 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас 3 бүлэг, 24 зүйл бүхий “Аливаа шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг гаргасан байна.

      Уг дүрмийг баталсан 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг түүхэнд “Ардын шүүх” байгуулагдсан өдөр гэж тэмдэглэдэг билээ.

      Засгийн газрын 1926 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 40 дүгээр хурлаар 31 бүлэг, 227 зүйл бүхий “Шүүх цаазын бичиг”-ийн тусгай ангийг баталснаар шүүх таслах газруудын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин үндсэндээ бүрдэж,1926 оны эцэс 1927 оны эхний хагаст төв, орон нутагт шүүх таслах газруудыг байгуулж эхэлжээ.

      Ийнхүү 1926-1927 онуудад 5 аймаг, 3 хотын шүүх байгуулагдсаны дотор Чандмань уул аймгийн шүүх 1927 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдаж Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудыг харьяалан ажиллаж байжээ.

      1930,1931 оны зааг дээр болсон Улсын 16 дугаар Бага хурлын шийдвэрийн дагуу 1391 онд хошууг татан буулгаж, сумыг цөөтгөн томруулж, аймгийг олшруулж 13 аймаг, 324 сумыг бий болгосон байна.

1931-1932 онд хийгдсэн өөрчлөлтийн дүнд шүүхийн тогтолцоо нь 38 ангийн шүүх, 13 аймаг, Улаанбаатар хотын шүүх, цэргийн тусгай шүүх /3/, Улсын Ерөнхий шүүх таслах газраас бүрэлдэх болжээ.

Энэ үеэр буюу 1931 онд явагдсан орон нутгийн Засаг захиргааны байгууллагуудыг эмхлэн өөрчлөх үеэр Чандмань-Уулын аймгаас Увс аймаг тасарч Улаангомд төвлөрөн байгуулагдах үед буюу 1931 оны 11 сард тус аймгийн шүүх үүсгэн байгуулагдсан байна.

Увс аймгийн шүүх анх 9 хүний орон тоотой, тусгайлсан төсөв хөрөнгөгүй, сард 40-120 төгрөгийн цалингийн сантай байгуулагдаж байжээ.

Энэ үед Увс аймагт ангийн /хэсгийн / хоёр шүүх ажиллаж, нэг нь Түргэн суманд, нөгөө нь Хяргас суманд төвлөрч даргаар нь Равдан мээрэн, Халтар мээрэн гэдэг хүмүүс ажиллаж байжээ.

      Тус шүүхийн суурийг бэхжүүлэн хөгжүүлэхэд анхны даргаар ажиллаж байсан Нүгээгийн Гэндэн гэж хүний гүйцэтгэсэн үүрэг их болохыг, мөн эхний жилүүдэд ажиллаж байсан 9 хүн бүгд мэргэжилгүй, зарим нь бичиг үсэг мэддэггүй байсан талаар тус шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д.Цэвээнцэрэн шүүгч “Шүүхийн байгууллагын үүсэл хөгжлийн түүхээс” гэсэн номондоо нэгэнтээ дурджээ.

      Шүүхийг олон түмэнд ойртуулах зорилгоор 1933 оны 1 сарын 6-ны өдөр тусгай тогтоол гаргаж, уг тогтоолоор сумын гүйцэтгэх захиргаадын эрхийг өргөтгөж, жижиг хэрэг маргааныг захиргааны журмаар /дарга нь дангаар/ шийдвэрлэх болгосны дээр сумын даргад шүүхийн даргын үүргийг хавсарган гүйцэтгүүлэхээр болжээ.

      Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1933 оны 1 дүгээр сарын 11-ний тогтоолоор Ангийн шүүхийг татан буулгаж, сум хороо бүрд ардын шүүх байгуулахаар шийдвэрлэж байсан.

      Увс аймгийн шүүхийн анхны дарга Н.Гэндэн /Увс аймгийн Зүүнговь сумын харьяат/ 1931-1937 онд, Гүндсамбуу / Завхан аймгийн харьяат/ 1937-1940 онд, 1940-1943 онуудад Б.Ойдов  даргаар ажиллаж байлаа.

      Шүүхийн анхны дарга Н.Гэндэн морь, бөх сайхан цоллодог хүн байсан талаар нутгийн иргэд дурсаж байсан байна /Шүүхийн 80 жилийн ойн ном 10-р хуудас/.

      Шүүхийн дарга Б.Ойдов нь 1938 оны 1 сараас 1940 оны 6 сар хүртэл хугацаанд Аймгийн шүүхийн орлогч даргаар ажиллаж байгаад 1940 оны 6 сараас 1943 оны 1 сар хүртэл  аймгийн шүүхийн даргаар ажиллажээ.

Увс аймгийн шүүх анх үүсгэн байгуулагдах үеийн баримт хомс, түүнчлэн “Ковид-19” цар тахлын үе таарч, цаг хугацааны хувьд богино байсантай холбоотой тус шүүхийн эхэн үеийн түүхэн сурвалжийг сайтар судалж амжаагүйд хүлцэл өчье/ ном эмхэтгэгч/.

 

1940-1960 оны үеийн шүүхийн хөгжлийн түүхээс

1940 оны 06 дугаар сарын 30-ны өдөр БНМАУ-ын Үндсэн хуулийг Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан бөгөөд хуулийн долдугаар бүлэгт Шүүх ба Прокурорын газар гэсэн бие даасан бүлгийг баталжээ.

Үндсэн хуулийн долдугаар бүлгийн хэсгээс:

Дөчин есдүгээр зүйл.Бүгд Найрамдах Монгол Ард Улсад шүүх таслах хэргийг Улсын дээд шүүх таслах газар, аймаг, Улаанбаатар хотын шүүх таслах газар, аймгийн шүүх, анги, нутгуудад ардын шүүх таслах газраас гүйцэтгэнэ.

Тавин гуравдугаар зүйл.Хот, аймаг, анги, нутгийн ардын шүүх таслах газруудыг хот ба аймгийн бага хурлуудаар гурван жилийн хугацаагаар сонгоно гэж заасан байна.

Ийнхүү 1940 оны Үндсэн хуулиар шүүхийн тогтолцоо, үйл ажиллагааны зарчмуудыг анх удаа Үндсэн хуулийн зарчим болгон хуульчлан баталгаажуулжээ.

Бага хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолоор сум, хороодын дарга нар шүүн таслах үүргийг хавсран гүйцэтгэж байгааг мөн оны 5 сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлж, хэргийг зохих аймаг, хотын шүүхэд харьяалуулж, эрүүгийн хариуцлагаар татагдсан ялимгүй хэрэг, эд хөрөнгийн жижиг маргааныг сумуудад байгуулагдсан олон нийтийн шүүх шийдвэрлэх болов.

Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолоор шүүхийг ард түмэнд ойртуулж, шуурхай болгохын тулд аймгийн шүүхийн харьяанд хэд хэдэн сум харьяалсан ардын хэсгийн шүүх байгуулахаар шийдвэрлэжээ.

Улсын 9-р дүгээр Их Хурал төрийн эрх барих байгууллагын тогтолцоо, шүүх байгуулагдах, ажлаа тайлагнах үндэс журмыг сонгуулийн шинэ системтэй холбоотойгоор өөрчилж, 1940 оны Үндсэн хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулжээ.

Ардын хэсгийн шүүх сонгуулийн шинэ систем зарчмын үндсэн дээр шууд ард түмнээс сонгогдож, тэдэнд ажлаа хариуцан тайлагнах, бусад шүүх нь төрийн эрх барих зохих шатны байгууллага, хөдөлмөрчдийн депутатуудын хурлаас сонгогдож ажлаа хариуцах болсон байна.

1952 онд аймаг, хотын хөдөлмөрчдийн депутатуудын хурлаас аймаг, хотын шүүхийг сонгуулийн шинэ систем, хууль тогтоомжийн ёсоор сонгон байгуулав.

БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1953 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зарлигаар “БНМАУ-ын Ардын хэсгийн шүүхүүдийн сонгуулийн тухай дүрэм”-ийг баталж, ардын хэсгийн шүүхийг сонгох сонгууль 1953 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Ням гарагт улс орон даяар нэгэн зэрэг явагдсан байна.

Увс аймгийн шүүхийн даргаар 1943-1948 онд О.Бадарч, 1948 онд М.Жавхлан, 1948-1953 онд Б.Норов, 1953-1955 онд Ц.Моломдагва, 1955-1958 онд С.Сономхүү, 1958-1962 онуудад Г.Лувсанцэрэн нар ажиллаж байлаа.

1960 оноос 1992 оны үеийн шүүхийн хөгжил

      БНМАУ-ын Ардын Их Хурал 1960 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Үндсэн хуулийг шинэчлэн баталсан бөгөөд зургадугаар бүлэгт Шүүх, прокурорын байгууллагын талаар зохицуулжээ.

      Тус хуулийн жаран гуравдугаар зүйл. БНМАУ-д шүүн таслах ажлыг БНМАУ-ын Дээд шүүх, аймаг, хотын шүүх, тусгай шүүх, мөн ардын хэсгийн шүүхүүд тус улсын хууль ёсоор гүйцэтгэнэ.

      Жарандолдугаар зүйл.Аймаг, хотын шүүхийг аймаг, хотын ардын депутатудын хурлаас хоёр жилийн хугацаагаар сонгоно.

      Жараннаймдугаар зүйл.Ардын хэсгийн шүүхийг зохих аймаг, сум, хот, хорооны иргэд нийтээрээ тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууц гаргаж, хоёр жилийн хугацаагаар сонгоно гэж заасны дагуу сумуудад ардын хэсгийн шүүх ажиллаж байлаа.

      БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 10 сарын 03-ны өдрийн 262 дугаар зарлигаар “БНМАУ-ын Шүүхийн зохион байгуулалтын тухай хууль”-д оруулсан өөрчлөлтөөр орон нутгийн ардын хэсгийн шүүхүүдийг хөдөлмөрчдөөс сонгож сумуудад ажиллуулж байсныг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 315 дугаар зарлигаар татан буулгаж шүүхүүдийг аймгийн төвд байрлуулан Ардын депутатуудын хурлаар сонгогддог нүүдлийн шүүхийг бий болгож ажиллуулсан байна.

      БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 80 дугаар зарлигаар баталсан “ БНМАУ-ын Ардын хэсгийн шүүхийн сонгуулийн дүрэм”-ийн дагуу явуулсан 1975 оны 6 сарын 19-ний өдрийн  сонгуулиар 133 ардын шүүгч, 8447 ардын төлөөлөгч сонгогдож байжээ.

Хэсгийн Ардын шүүхүүдийг зарим сум хороодод байршуулах тухай АИХ-ын Тэргүүлэгчдийн 1982 оны 159-р зарлиг гарснаар манай аймагт 5 шүүх хөдөө сумдад төвлөрөн ажилласан байна.

1960-1992 онуудад Аймгийн шүүхийн даргаар Ө.Пүрэв, Р.Цэвээн, Х.Агапеш, Л.Сүхээ, Г.Даштүдэв, Д.Цэвээнцэрэн нар ажиллаж байжээ.