Чиг үүрэг

  • 2023-03-21 15:48:04

Монгол улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн ''Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг нийслэлийн шүүх, сум, сум дундын дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захирганы зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа шийдвэр нь Улсын Дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно" гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор, иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг нийтийн эрх зүйн субьект болох захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус дур зоргын үйл ажиллагаанаас хамгаалах, зөрчигдөн эрхийг сэргээн тогтоох зорилго бүхий, захиргааны хэргийн дагнасан шүүхийг Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-нд "захиргааны хэргийн шүүх байгуулах тухай" "захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай" гэсэн хуулиудыг баталж, 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дээрх хуулиуд хуулийн хүчин төгөлдөр болж мөрдөгдсөнөөр улсын хэмжээнд нийт 21 аймагт болон нийслэлд 1 байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх 2004 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдаж шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Шүүх байгуулах тухай хуулийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүх, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэртэй болж өөрчлөгдөж одоо тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Т.Оюунгэрэл, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Д.Алтанцэцэг, шүүгчийн туслахаар Н.Эрдэнэ-Очир, Ц.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Жаргалсайхан нар ажиллаж байна.

1993 онд батлагдсан "Шүүхийн тухай хууль"-иар шүүхийн тамгын хэлтсийг анх байгуулсан. Ингэснээр шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт төсөв санхүү, аж ахуй болон хүний нөөцийн хөгжил, удирдлагыг шүүн таслах ажиллагаанаас салгаж шүүхийн бие даасан, шүүхийн хараат бус байдлыг хангах бодит нөхцлийг бүрдүүлэх эрх зүйн нөхцөл бүрдсэн юм. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, төсөв санхүү, аж ахуй болон хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахаар шүүхийн тамгын газар Шүүхийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Санхүү нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Олон улсын санхүүгийн бүртгэлийн стандарт зэрэг хуулиудыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж ирсэн. Шүүхийн тамгын газар нь дарга 1, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн 1, мэдээлэл технологийн мэргэжилтэн 1, шүүгчийн туслах 9, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 3, эвлэрүүлэн зуучлагч 1, архив бичиг хэргийн эрхлэгч 1, нягтлан бодогч 1, нярав1, сантехникч 1, бичиг хүргэгч 1, жолооч 2, үйлчлэгч 2 гэсэн нийт 37 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна Шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд шүүхийн үйл ажиллагааг иргэдэд хурдан, шуурхай, чирэгдэлгүй, нээлттэй, ил тод, хүртээмжтэй хүргэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн хүний нөөц, шүүхийн судалгаа мэдээлэл, олон нийтийг мэдээллээр хангах чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
-Шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;
-Шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих;
-Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;
-Шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;
-Шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;
-Хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.