Image

Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

 Шүүхийн ерөнхий зөвлөл, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран Шүүхийн зохион байгуулалт хариуцсан  мэргэжилтнүүдийн сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ний өдөр хүртэлх хугацаанд 3 хоногийн турш  зохион байгууллаа. Сургалтын зорилго нь Шүүхийн  зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн дарга, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг  дээшлүүлж, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд  шаардлагатай, мэдлэг чадварыг олгох харилцан туршлага судлахад чиглэсэн болно.
 \"\"

       Сургалтад давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн 40 зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, дүүргийн шүүхүүдийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга болон зохион байгуулалтын хэлтсийн дарга, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 45 хүн хамрагдсан бөгөөд сургалтын эхний 2 өдөр \"Шүүхийн сургалтын Баяндөхөм төв”-д танхимын сургалтад хамрагдсан юм.      \"\"

     

    Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Нээлттэй нийгэм форум ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа нар нээж, сургалтын эхний өдөр Удирдлагын академийн Төрийн удирдлагын багш Н.Болд \"Төрийн захиргааны удирдлага, захиргааны шинэтгэлийн хандлага”, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг \"Шүүхийн захиргааны удирдлага”, Хаан банкны хүний нөөц хариуцсан захирал Ш.Ганбямба \"Байгууллагын хөгжил (амжилт)-д хүний гүйцэтгэх үүрэг”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн референт С.Алтанхуяг \"Шүүхийн хүний нөөцийн бодлого”, \"Шүүхийн захиргааны ажилтны сургалт, мэргэшил, ур чадварын түвшин”, референт Б.Уранзаяа \"Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага” зэрэг сэдвүүдээр тус тус хичээл зааж, сургалтын удирдан явуулсан юм.                                           \"\"

         Сургалтын 2 дахь өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл болон бусад референтууд \"Хэргийн хөдөлгөөний удирдлага”, \"Хэргийн хөдөлгөөний удирдлагын нэгдсэн систем”-ийн талаар тодорхой мэдээлэл өгч, хэргийн хөдөлгөөний удирдлагын талаар санал солилцож, туршлага хуваалцлаа. Мөн өдөр Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг \"Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, Эвлэрүүлэн зуучлагч болон шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажлын уялдаа, эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь”, Эн Пи Си Энд Мандал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхжаргал \"Үр дүнтэй хамтран ажиллах”, Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын албаны дарга Ц.Тамир \"Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах” сэдвээр тус тус хичээл заалаа.

        Сургалтын сүүлийн өдөр сургалтад оролцогчид Захиргааны шүүхийн нэгдсэн байранд зочилж, шүүх хуралдааны \"Green hall” жишиг танхим болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйлчилгээний төвтэй танилцсан бөгөөд түүний дараагаар Нээлттэй нийгэм форумаас \"Шүүхийн ажиглалтын дүн мэдээ”-г танилцуулж, \"Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр- шүүхийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр мэдээлэл өгсөн юм.

 \"\"

         Мөн өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн дарга нартай \"Шүүхийн үйлчилгээний шинэчлэл, тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус хэлэлцүүлэгт Шүүхийн захиргааны удирдлагын газар, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга нар, дүүргийн шүүхийн тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, Үйлчилгээний хэлтсийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нар панелистаар оролцлоо. Хэлэлцүүлгийн панелистууд шүүхийн үйлчилгээний шинэчлэлийн талаар ярилцаж, санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгийн үеэр зөвхөн шүүхийн үйлчилгээнээс гадна зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд шүүхийн тамгын газарт тулгардаг асуудлуудыг хөндөн ярилцаж, шийдвэр гаргах шийдлийг олж, тодорхой шийдвэр гаргаж өгөхийг хүсч байлаа.

      Ийнхүү Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Хамтран ажиллаж, сургалтыг санхүүжүүлсэн тус ТББ-д талархлаа илэрхийлж байна.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН



Image

Мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг анх удаа зохион байгууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөл 2017 оныг \"Шүүхийн үйлчилгээний жил” хэмээн зарласны хүрээнд \"Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран бүх шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг 3 хоногийн турш (2017.11.20-2017.11.22) зохион байгууллаа. Сургалтын зорилго нь Мэдээлэл, лавлагааны мэргэжилтнүүдэд шүүхийн үйлчилгээний онцлогийн талаар нэгдсэн ойлголт өгч, ажил мэргэжлийн чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг дээшлүүлж, шүүхийн үйлчилгээг иргэдэд чанартай, түргэн шуурхай хүргэх ёс зүй, харилцааны ур чадварыг сайжруулахад чиглэв.


         Сургалтад бүх шатны шүүхийн нийт 46 мэдээлэл лавлагааны ажилтан оролцсон бөгөөд сургалтын эхний 2 өдөр мэдээлэл, лавлагааны мэргэжилтнүүд \"Шүүхийн сургалтын Баяндөхөм төв”-д танхимын сургалтад хамрагдлаа. \"\"

         Танхимын сургалтад шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээний онцлог, мэдээлэл, лавлагааны албаны ажиллах журам, хэргийн оролцогчдод мэдээлэл, лавлагаа өгөхөд анхаарах асуудал, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага, тулгамдаж буй асуудал сэдвүүдээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн газар, нэгжийн дарга, референтүүд хичээл заав. Мөн сэтгэл зүйн шинжлэх ухааны аргачлалд суурилсан хувь хүний хөгжлийг дэмжих сургалтыг энэ чиглэлээр мэргэшсэн, туршлагатай багш нар удирдан явуулсанаараа онцлогтой байлаа. Тухайлбал, \"Үйлчилгээний ажилтны дүр, харилцаа-мэдрэмжийн удирдлага” сэдвээр \"Эн Пи Си Энд Мандал” ХХК-ийн багш Ц.Энхжаргал, \"Ажлын байрны аз жаргал” сэдвээр \"Эерэг тэмүүлэл” ТББ-ын сургагч багш Н.Энхбаатар, \"Стресс менежмент” сэдвээр ШСМСХ-ын сэтгэл зүйч Ш.Батболд нар сургалтыг удирдан явуулсан юм.

\"\"

        Сургалтын сүүлийн өдөр мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүд Захиргааны шүүхийн нэгдсэн байран дахь шүүх хуралдааны \"Green hall” танхим, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын үйлчилгээний төвтэй тус тус танилцаж, шүүхийн үйлчилгээнд хийгдэж буй шинэчлэлтэй газар дээр нь танилцаж, туршлага судлав.
 \"\"

        Үүний дараа \"Шүүхийн үйлчилгээний шинэчлэл, тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Шүүхийн захиргааны удидлагын газар, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсийн төлөөлөл, дүүргийн шүүхийн тамгын дарга, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, өмгөөлөгчийн төлөөлөл панелистаар оролцлоо. Хэлэлцүүлгийн панелистууд тус тусын чиглэлээр шүүхийн үйлчилгээний шинэчлэлийн талаар танилцуулга, санал бодлоо илэрхийлэв. Мөн шүүхийн үйлчилгээний шинэтгэлийн талаар шүүхээр үйлчлүүлэгчдийн төлөөлөл буюу өмгөөлөгч үнэлгээ өгч, санал бодлоо илэрхийлсэн юм.


        Тус хэлэлцүүлгийн үеэр мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүд шүүхийн үйлчилгээний шинэтгэлийн талаар санал бодлоо илэрхийлж, цаашид анхаарах зүйлсийн талаар саналаа хэлж, шүүх үйлчилгээний шинэтгэлийн үр нөлөө, ач холбогдлын талаар санал солилцов.

Мөн сургалтад оролцогчид сургалтыг мэргэжлийн болон хувь хүний мэдлэг чадварыг дээшлүүлж, ажил үүрэгтэй хандах хандлагыг өөр өнцгөөс харах боломжийг олгосон, харилцан туршлага судалсан, үр дүнтэй, шинэлэг сургалт боллоо дүгнэж байлаа.

 

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Image

Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ

Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ

\"\"

 

\"Монгол Улсын шүүхийн мэдээлэл, санал асуулгын автомат систем”-ийг анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн байранд байрлууллаа. Ингэснээр иргэд шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгч, санал сэтгэгдлээ илэрхийлэх боломж бүрдэж байгаа юм. 

 

Уг систем нь Монгол Улсын шүүхүүдийн хаяг байршил, шүүх хуралдааны зар, шүүхийн танилцуулга, нэхэмжлэлийн загвар, шүүхийн ёс зүй, санал хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, санал асуулга зэрэг цэснүүдээс бүрдэнэ. Санал асуулгаас гадна иргэд өөрт хэрэгтэй мэдээллийг шуурхай авах юм.


Тодруулбал, \"Нэхэмжлэлийн загвар” цэснээс анхан болон давж заалдах шатны шүүхэд хандах нэхэмжлэлийн загварыг авах боломжтой. \"Шүүхийн ёс зүй” цэсэнд шүүгчийн ёс зүйтэй холбоотой гомдлоо хэнд, хаана гаргах талаарх мэдээлэл бий. 

 

Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол гаргах бол \"Санал хүсэлт гаргах” цэсийг сонгож хүсэлтээ илгээх боломжтой. Иргэдийн саналыг тухайн шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэрлэх юм. Мөн шүүхийн үйлчилгээ, захиргааны ажилтны хариуцсан ажил үүргийн талаарх гомдол гаргах, шүүхээр үйлчлүүлсэн талаарх саналаа өгөх боломжийг уг систем бүрдүүлжээ. 

 

Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг уг системийг ашиглан тооцуулах боломжтой.  

 \"\"

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Нийт: 1542 мэдээ байна.