Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж шүүхийн тамгын газрын дарга нарт хандаж энэ оны ололт, ирэх жил баримтлах бодлого, зорилтоо танилцуулаа.
Олон улсын, хараат бус байгууллага шүүхийг үнэллээ
Тэрбээр энэ оны гол ололт, амжилтын талаар \"Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд та бүгдээс гарсан чармайлт, зүтгэл хангалттай сайн байлаа. Шүүхийн захиргааны байгууллагын ажил өнгөрсөн гурван жилд төлөвшлөө. Шүүхийн тамгын газруудаас \"А” үнэлгээ авсан нь өнгөрсөн жилийнхээс харьцангуй олон буюу 17 болж өсчээ. Энэ нь шүүхийн захиргааны байгууллагууд хийх ёстой зүйлээ мэдсэн, зүтгэж байгаагийн илрэл. 2016 он бидний тухайд чухал жил байлаа. Шүүхийн шинэтгэлийн арван үр дүнг хамтдаа гаргаж, үнэн зөв гэдгийг нотоллоо. Шинэтгэлийн арван үр дүнг Монголын төр засаг, олон нийт хүлээн зөвшөөрсөн. Мөн Монголын шүүх дэлхийн улс орнуудын шүүхүүдтэй харьцуулахад хаана явж байгааг олон улсын нэр хүндтэй байгууллагаар дүгнүүлж, дэлхийд зарлууллаа. ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) Монгол Улсын шүүхийг ижил гараатай орнуудаас шүүхийн шинэтгэл нь түрүүлж байна гэж дүгнэсэн. Шүүхийн шинэтгэлийн хөтөч болсон Шүүхийн тухай багц хуулийг олон улсын стандартад бараг нийцсэн гэж мөн дүгнэсэн. Цаасан дээр байдаг биш амьдралд хэрэгждэг эрх зүйн эх сурвалжтай болсон гэдгийг GIZ-ийн шинжээчид дүгнэлээ. Мөн Монголын шүүхийг бүрэн ил тод, нээлттэй болсон гэж үзлээ. Энэ үр дүнгээ ирэх онд бататгах, олон нийтэд ойлгуулах нь чухал.
Шүүх эрх мэдлийг байгууллагыг үйлчилгээний байгууллага болгоно
Ирэх оны зорилго, зорилтын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж гурван асуудлыг ярилаа. Нэгдүгээрт, \"Шүүх эрх мэдлийн байгууллагыг үйлчилгээний байгууллага болгох арга барил руу том алхам хийнэ. Үйлчилгээний байгууллагад тавигддаг нийтлэг стандарт тийм хүнд биш. Үйлчилгээний байгууллага яаж үйлчилдэг вэ тэр зарчмаар шүүх ажиллахаар арга барил, сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай. Үйлчлүүлэх гэж ирдэг хүмүүст гаргах орон зайгаа бэлтгэхээс энэ ажлыг эхэлнэ. Шүүх хэлбэрийн хувьд бүрэн нээлттэй болсон. Агуулга, чанарт бодох асуудал их бий. Үүнд анхаарах шаардлага байна.
Эрэлтийг судлах, мэдрэх нь үйлчилгээний байгууллагын алтан зарчим. Иргэд шүүхээс юуг хүсч байгааг судалж, мэдэрч байж хангах үүрэгтэй. Тиймээс иргэд шүүхээс юу хүсч байгааг байнга судалж байдаг соёлыг тамгын газрууд нэвтрүүлэх хэрэгтэй.
Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх үүднээс шүүхэд гарч байгаа сайн мэдээг олон нийтэд хүргэх шаардлага бий. Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлээр хийсэн ажлаа олон нийтэд хүргэхийг зөвлөсөн. Шүүх ард түмний итгэл дээр тогтдог. Тиймээс итгэлийг нь бэхжүүлэх, дээшлүүлэх шаардлага бий” гэлээ.
Шүүгч, ажилтнуудыг хөгжүүлэх он болгоё
Хоёрдугаарт зорилтын тухайд \"Шүүгч, ажилтнуудыг хөгжүүлэх он болгоё. Шүүгч, ажилтнаа хөгжүүлэхийн тулд дотоод сургалтдаа эргэлт гаргая. Орон нутаг дахь дотоод сургалтыг сайжруулах шаардлагатай боллоо. Шүүхийн захиргааны ажилтнуудад шүүгчид сургалт явуулах боломжтой. Орон нутгийн дотоод нөөц бололцоог дайчлахаас гадна Шүүхийн ерөнхий зөвлөлд ч захиалга өгөх боломжтой” хэмээсэн юм.
Хэмнэлтийн горимд шилжихээс аргагүй
Эдийн засгийн хямралаас үүдэж ирэх онд хэмнэлтийн горимд шилжихээс аргагүй болсныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцолсон юм. Үргүй зардал хаана гарч байгааг ажиглаж, бүх хүн хэмнэлттэй ажиллахаас аргагүй болсон. Хуучин цаас ашигладаг системд ч шилжихэд гэмгүй. Өмнөх гурван жилд төсөв, зардлын дунд орон зай байлаа. Харин одоо төсөв, бодит зардалтайгаа яг тулчихсан байгаа. Нэг хүн буруу үйлдэл хийхэд л санхүүгийн хомсдол үүсэх нөхцөл бий” гэсэн юм.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Увс аймгийн Зүүнговь сумын иргэн Я.Дэлгэрмаа шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд суусан талаарх сэтгэгдлээ ирүүлсэн юм.
Увс аймгийн 80 гаруй мянган иргэдийн дундаас шүүхэд иргэдийн төлөөлөгч болж шүүх хуралдаанд сууж, дүгнэлт гаргасандаа баяртай байна. Шүүх хуралд анх удаагаа сууж байгаа нь энэ юм. Насанд хүрээгүй хүүхдүүд дээрмийн гэмт хэрэг хийгээд, ингээд шүүгдэж байгааг хараад өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан ч нөгөө талаар \"Яах гэж ийм зүйлд холбогддог байна” гэж бодогддог юм билээ. Гэхдээ хуулийг биелүүлж, дагаж мөрдөх ёстой, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ёстой, зөрчсөн хүнд хариуцлага тооцох ёстой. Энэ бүхэн иргэн бүрт адил тэгш байх ёстой гэж боддог.
Иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд суулгасанаар шүүхийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хээл хахууль, авлигад идэгдсэн энэ нийгэмд шүүхэд иргэдийн итгэх итгэлийг бага ч болов нэмэгдүүлэхэд хэрэгтэй зүйл болсон санагдсан.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоноо 2016 оны 1 дүгээр сард мэдсэн. \"Шүүхээс ярьж байна, та манай шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр суух иргэнээр сонгогдсон байна” гэж ярьж байсан. Мөн манай сумын Засаг даргын Тамгын газрын дарга надад \"Иргэдийн төлөөлөгчийн талаарх гарын авлага” өгч ямар эрх, үүрэгтэй, яаж шүүх хуралдаанд оролцох, ямар зорилготой талаар анхны мэдэгдэхүүн өгсөн байсан. Үүний дараагаар \"Та шүүх хуралдаанд суух иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож байна” гэж дахин шүүхээс ярьсан. Тэгээд сумаас гараад шүүх дээр очиход шүүгчийн туслах угтан авч, бүх зүйлийг тайлбарлаж өгөөд, хэргийн материалтай танилцуулж байгаа нь зүгээр санагдсан.
Шүүгдэж байгаа хүний талаар дүгнэлт гаргана гэдэг амаргүй юм билээ. Гэхдээ л иргэн хүний хийх ёстой зүйл юм. Шүүхийн нийт албан хаагчдад ажилд нь амжилт хүсье.
Та бүхний гаргасан шийдвэр нэг бус, нилээн хэдэн хүний амьдарлыг шийдвэрлэдэг юм шүү, гаргах шийдвэр тань хуулийн дагуу байна гэдэгт би итгэж байна.
Монголын шүүхийн ажилтнуудын холбоо нь www.judcouncil.mn/united нэртэй өөрийн цахим сайттай боллоо.Та бүхэн манай сайтаар аялаж Шүүхийн ажилтнуудын холбооноос явуулж байгаа ажил, арга хэмжээ, үйл ажиллагаатай танилцахыг урьж байна.
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт \"Шүүн таслах ажиллагааны талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт анхаарвал зохих зарим асуудал” сургалт явууллаа.