Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 85 тоот тушаалаар \"Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тус тус нэг сул орон тоонд сонгон шалгаруулалт” зарлалаа.
I.АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ:
Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан дараах болзол, шаардлагыг хангасан байна. Үүнд:
1.Хууль зүйн дээд боловсролтой;
2.Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан /Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд мэргэжлээрээ ажилласан байх/;
3.Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэн;
4.Ял шийтгүүлж байгаагүй;
5.Шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй;
6.Бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;
7.Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;
8.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй;
9.Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;
10.Mонгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай;
11.Мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай;
12.Шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;
13.Бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.
Дээр дурдсан болзол, шаардлагыг хангасан хуульч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минутаас 08 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэлххугацаанд www.shuugch-songon.mn хаягт хаягт бүртгүүлж, баримт бичгийг файлаар бүртгэлийн хэсэгт хавсарган оруулна уу.
Нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүсэж буй хуульч /нөөцөөс болон шинээр/ www.shuugch-songon.mn хаягт бүртгүүлж, баримт бичгийг файлаар бүртгэлийн хэсэгт хавсаргахаас гадна бүрдүүлсэн баримт бичгээ цаасан хэлбэрээр бүртгэлийн хугацаанд баталгаат шууданд хийж Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албанд ирүүлнэ үү!
ЖИЧ: Баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд бүртгэлээс хасах үндэслэл болохыг анхаарна уу! Баримт материалыг бүрдэл тус бүрээр .pdf файл болгон програмд оруулах (жишээ нь: нийгмийн даатгалын дэвтрийг нүүр, бичилт хийгдсэн бүх хуудаснуудтай нь нэгтгэж нэг .pdf файл болгох) БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН АЛЬ НЭГ БҮРДЛИЙН ХУУДАС ДУТУУ ОРСОН ТОХИОЛДОЛД БАРИМТЫГ ДУТУУ БҮРДҮҮЛСЭНД ТООЦОХ ТУЛ ОРУУЛСАН ФАЙЛ ТУС БҮРЭЭ БҮРЭН ГҮЙЦЭД ЭСЭХИЙГ ШАЛГАНА УУ.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ МАТЕРИАЛ:
Үүнд:
1.Төрийн албан хаагчийн анкет /Мэдээллийг үнэн зөв оруулж, худал мэдээлэл оруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг анхаарч өөрийн гараар нягт, нямбай, гаргацтай бөглөнө үү. (Мэдүүлгийг энд дарж татаж авна уу)/;
2.Өргөдөл /Өргөдөлд заавал тусгах мэдээлэл: (1) Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа, (2) бусдад хугацаа хэтэрсэн өр зээлгүй эсэхээ, (3) шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ заавал тусгасан байна. Нөөцөөс нэр дэвшигч өргөдөлдөө дээрх заавал тусгах мэдээлэл дээр нэмж (4) Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан, аль шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон, (5) Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээнд авсан оноогоо тусгана. Өргөдлийн хуудас бүрт огноог бичиж, гарын үсэг зурсан байна. (Өргөдлийг өөрийн гараар, дүрмийн алдаагүй бичнэ.)/;
3.Гурван үеийн намтар /өөрийн, эцгийн, өвөг эцгийн намтрыг бичиж, хуудас бүрт гарын үсэг зурсан байна. Гурван үеийн намтраа \"www.shuugch-songon.mn” цахим хуудсанд оруулахдаа хавсралтын төрлөө \"Нэр дэвшигчийн мэдээллийн хүснэгт” гэж сонгож оруулна уу/;
4.Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/;
5.Ажил байдлын тодорхойлолт /эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт. Өмгөөлөгч нэр дэвшигчид Монголын хуульчдын холбооны харъяалагдах хорооноос тодорхойлолт авна/;
6.Цээж зураг/3х4 см, сүүлийн нэг сарын дотор авахуулсан нэг ширхэг зураг/;
7.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах/;
8.Их, дээд сургууль төгссөн диплом /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах, Гадаад улсын их, дээд сургуулийн дипломыг тухайн улсын Элчин сайдын яамнаас баталгаажуулсан тодорхойлолт авч, орчуулгын хамт ирүүлэх/;
9.Оршин суугаа газрын тодорхойлолт /ТҮЦ машинаас/;
10.Ам бүлийн тодорхойлолт /баг, хорооны Засаг даргаас/;
11.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар /заавал тусгах мэдээлэл: Хууль зүйн сайдын хэдэн оны хэддүгээр тушаалаар олгосон, тушаалын хавсралтад заасан өөрийн овог, нэрийг тодруулж тэмдэглэсэн хуулбар /
12.Нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөр эрхэлснийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх. /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтрийн \"Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно/;
13.Эрүүл мэндийн үзлэгийн маягт /Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 41/20 тоот албан тушаалын хоёрдугаар хавсралт (Маягтыг энд дарж татаж авна уу)-ын дагуу бөглөнө/;
14.Эд хөрөнгөө тодорхойлж бичсэн жагсаалт (ХОМ) /Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт (Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг)-ын дагуу бөглөнө (Маягтыг энд дарж татаж авна уу)/;
Тодруулах мэдээллийг 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд 7000-8030, 7000-8041 утсанд холбогдож авна уу.
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2016.06.17