Увс аймгийн хүүхдийн төлөө зөвлөлөөс зорилтот бүлгийн хүүхдүүдийн хараа хяналтыг сайжруулах, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн асуудлыг онцгойлон анхаарч, дэмжин туслах зорилго бүхий \"Миний хүүхэд-2” аяныг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд зарлалаа. Тус аянд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар, анхан шатны шүүхээд нэгдэж сайн үйлсийн аян эхлүүлээд байна. Шүүхийн хамт олон амьдралын хүнд нөхцөлд аав, ээж, 2 дүүгийн хамт амьдарч буй Увс аймгийн Улаангом сумын \"Чандмань эрдэм” сургуулийн 1 дүгээр ангийн сурагч 6 настай Энхзаяагийн Энэрэлт охинд бүтэн жилийн хугацаанд анхаарал хандуулан, тусалж дэмжихээр боллоо. Аяны хүрээнд охины гэр бүлийн нөхцөл байдалтай танилцаж, аав А.Ариунбатын иргэний үнэмлэхний хугацааг сунгуулан өгсөн бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр \"Энэрэлт охинд туслая” 1 өдрийн хандивын үйл ажиллагааг шүүгч, ажилтнуудын дунд зохион байгуулж 22 нэр төрлийн 100.000 орчим төгрөгний хандивын бүтээгдэхүүн цугларсаныг Э.Энэрэлт охин болон ээж Энхзаяад гардуулан өгөв.Мөн Э.Энэрэлт охинтой шүүхийн хамт олон нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлж, гутал, куртка, өмд , хүүхдийн хичээл хийх ширээ, сандлыг худалдан авч өгч гэртээ хичээлээ тухтай хийх нөхцлөөр хангав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар зарлигаар Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Б.Гансүхийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг \"Монгол Улсын шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн морин цагт зохион байгууллаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны танхимд зохион байгуулсан бөгөөд тангараг өргөх ёслолын ажиллагаанд Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй анхан шатны шүүхүүдийн шүүгчид, Шүүхийн тамгын газрын нийт ажилтнууд, Увс аймгийн Прокурорын газрын хамт олон болон өмгөөлөгч нар оролцлоо.
Увс аймгийн Шүүх байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан Шүүх эрх мэдэл, хуульч мэргэжлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор \"Миний мэдэх шүүх” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж, 2016 оны 04 сарын 05-ны өдөр дүнгээ гаргав. Уралдаанд нийт 13 сурагч эссэ бичиж ирүүлснээс Увс аймгийн Цогцолбор Нэгдүгээр сургуулийн 10ж ангийн сурагч Н.Мөнхтуяа нэгдүгээр байр, Цогцолбор Хоёрдугаар сургуулийн 12б ангийн сурагч М.Болор-Эрдэнэ хоёрдугаар байр, Цогцолбор нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Хонгорзул гуравдугаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн уралдаанд идэвх зүтгэл гаргаж оролцсон бүх оролцогчдод \"Талархал” гардуулан цаашдын оюуны хөгжил, дэвшилд нь улам их амжилт хүсч, шүүхийн үйл ажиллагаа, өрөө, танхимтай танилцуулан сурагчдын сэтгэгдлийг сонсон, сонирхсон асуултанд хариулав. Сурагчид шүүхийн байгууллагаас эссэ бичлэгийн уралдаан зарласанд талархаж, шүүхийн зорилго, үйл ажиллагаа, хуульч мэргэжлийн талаарх мэдлэгээ ахиулсанд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.