Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан \"Шүүхийн спортын наадам-2018”-ын албан ёсны нээлт өнөөдөр (2018.05.24)боллоо. Энэ удаагийн наадамд 210 шүүгч, 631 шүүхийн захиргааны ажилтнаас бүрдсэн 841 тамирчин оролцож байгаа юм.
Тамирчин, хөгжөөн дэмжигчид \"Буянт-Ухаа” спорт цогцолборт байраа эзэлсний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж наадмыг нээж үг хэллээ. Тэрбээр \"Монгол Улсад шүүхийн захиргааны дээд байгууллага байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан спортын их наадам зохион байгуулахаар та бид хуран цуглаад байна.
Энэ удаагийн спортын тэмцээн шүүх эрх мэдлийн салбарыг бүхэлд нь хамарсан Их наадам болж байгаагаараа онцлог. Спортын уралдаан тэмцээн бол хэл, соёлоос үл хамааран шууд ойлголцож тоглодог, хүн төрлөхтнийг бүхэлд нь хамарсан нийтлэг соёл, ойлголцол, итгэлцлийн хүчтэй хэрэглүүр болжээ.
Спортын дүрэм журам нь шударга, тодорхой, бүх хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн байдгаараа зарим эрдэмтдийн нотолж буйгаар эрх зүйн нэг шинэ эх сурвалжийн хэмжээнд хүрсэн аж. Бид өнөөдөр ийм л үнэ цэнэтэй арга хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна.
25 жилийг дэлхийн үндэстнүүд янз бүрээр бэлэгдэж, онцгойлон үзэх нь бий. Монголчууд 25 насыг эрч хүч, идэр залуугийн бэлгэ тэмдэг болгодог. Оросууд зуун жилийн дөрөвний нэг хэмээн томруулан харж тэмдэглэдэг. Ямартай ч 25 жил бол түүхэн замналаа эргэн харж, ирээдүйгээ угтан харах бололцоотой цаг хугацаа юм.
Өнгөрсөн 25 жилд Шүүхийн захиргааны байгууллага шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалдаг Үндсэн хуулийн байгууллага болж чадсан байна. Олон хүн энэ байгууллагыг мэддэг, сонирхдог, ажигладаг болжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд бие даасан загвараар ажилласан сүүлийн таван жилд шүүхийн захиргааны байгууллагын бүрэн эрх, чиг үүргийг хараат бусаар хэрэгжүүлэх үйл хэрэгт багагүй сургамж, туршлага хуримтлууллаа.
Мөн сүүлийн жилүүдэд Та бид хамтдаа Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 10 үр дүнг гаргасныг баярын энэ мөчид дахин тэмдэглэхэд таатаай байна.
Спортын их наадамд оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорихыг зорьсон шүүгч, ажилтнууддаа амжилт хүсэн ерөөж, талархал илэрхийлье” гэлээ.
\"Шүүхийн спортын наадам-2018”-д тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, гүйлт зэрэг таван төрлөөр өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр багуудын сагсан бөмбөг, гар бөмбөгийн хэсгийн тоглолт болон шатар, ширээний теннисийн тэмцээн болох юм.
Монголын Үндэсний олимпын хорооны \"Алтан медалиар” хоёр шүүгч шагнууллаа
\"Шүүхийн спортын наадам-2018”-ын үеэр спортын өндөр амжилт гаргасан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Монголын Үндэсний Олимпын хорооны \"Алтан медаль”, Дэд мастер, спортын I зэрэг олгосныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардууллаа.
Тодруулбал, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр нар Монголын Үндэсний олимпын хорооны \"Алтан медаль”-аар шагнууллаа. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн А.Ахмерей нар Спортын дэд мастер цол хүртэв.
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Ганчимэг, Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Ариунбаяр, Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ажилтан Г.Алтанзул, Ч.Хатанбаатар, Д.Оргил нар Спортын Iзэрэг хүртлээ. Мөн Нийслэл дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч Ж.Цэцгээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Оюун-Энх, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ажилтан Б.Баттулга, Г.Баттулга нар, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Г.Төрболд, Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн, ажилтан Д.Төгөлдөр нар Спортын I зэрэг цолоор шалгууллаа.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс