Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг \"Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатарт болон 21 аймагт \"Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүдээс гадна Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний алба, Хууль зүйн туслалцааны төв, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс оролцож үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгнө. Өдөрлөг 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 10:00-15:00 цагийн хооронд Гиваан баатрын талбайд зохион байгуулагдах болно. Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Хуульчдын холбооны гишүүд нь хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих үйл ажиллагааг сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээ нь жил бүр уламжлал болон явагдах юм.