Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

  • 2019-10-18 19:00:00

1. \"Говь Эрээн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Түргэн сумын засаг даргад холбогдох \"Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор батлагдсан гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тооцож, гэрээг байгуулахыг Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, шүүгч:Д.Алтанцэцэг,

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Түргэн сумын засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан \"Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор батлагдсан гэрээг байгуулахгүй байгаа Түргэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг байгуулахыг Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2. \"Ус рашаан эрдэнэ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарын нэхэмжлэлтэй, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох\"Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/125 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, захиргааны актын улмаас учирсан хохирол болох 18.595.101 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,

Шийдвэрлэсэн байдал: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн А/125 дугаартай тогтоолыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн А/125 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэв.

Тойм бичсэн шүүх хуралдааны

нарийн бичгийн дарга Б.Энхтуяа