ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

  • 2022-12-19 09:18:01

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлөөс өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Д.Зүмбэрэллхам, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга, гишүүд оролцов.


Төрийн албаны зохих шаардлагыг хангасан шүүхийн захиргааны 37 албан хаагч өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Тус арга хэмжээнд шүүхийн захиргааны 10 албан хаагч биечлэн оролцсон бол 27 албан хаагч цахимаар оролцсон юм. Тангараг өргөсөн албан хаагчдад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Д.Зүмбэрэллхам баяр хүргэж, амжилт хүслээ. 


\"\"


Орон нутгийн шүүхүүдтэй онлайнаар холбогдсон бөгөөд Увс аймаг дахь шүүхийн тамгын газраас Г.Баярхүү нь шүүхийн захиргааны ажилтан онлайнаар холбогдож, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

 \"\"


Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлөөс  шүүхийн захиргааны байгууллагаас ирүүлсэн Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 404 сул орон тооны захиалгын дагуу 6 удаа тусгай шалгалтыг зохион байгуулсан.

       Тус шалгалтад 753 иргэн өрсөлдөж, хамгийн өндөр оноо авсан 244 иргэн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон зарим албан тушаалд томилогдон ажиллаж байна.

       Захиргааны ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэн  шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн зэрэг шүүхийн захиргааны 300 албан хаагчийн зэрэг дэвийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар шинээр болон ахиулан олгосон юм. Түүнчлэн шүүхийн Тамгын газрын 11 даргад Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрхэлсэн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгож, Төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаж ажиллалаа.

       Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс 2022 онд Төрийн жинхэнэ албаны тангараг өргөх ёслолын арга хэмжээг 3 удаа танхим болон цахимаар зохион байгуулж, шүүхийн захиргааны нийт 175 албан хаагчийг тангараг өргүүлээд байна.