ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ ГЭРЭЭГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН НЬ ЭРХ ОЛГОСОН БАРИМ БИЧИГТ ХАМААРАХГҮЙ

  • 2023-01-13 12:13:16

Тоймын дугаар-01, 2023 оны 01 сарын 11 өдөр

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/162

Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 9 дүгээр сарын 29 өдөр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

САНАМЖ: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

 Прокуророос яллагдагч С-ийг өөрийн нөхөр Л-ын эзэмшилд бүртгэлтэй “Усалгаатай хадлан”-ийн зориулалттай 1.4 га газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авах зорилгоор “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хуурамчаар үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т “Эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн бол” зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

 Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т \"газар эзэмших\" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, мөн хуулийн 3.1.7-т \"газар эзэмших эрхийн гэрчилгээ\" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно гэж заажээ.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаас дүгнэхэд “Газар эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичиг” гэдэгт захиргааны байгууллагаас олгосон газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг ойлгоно гэдэг нь ямар нэгэн салаа утгагүйгээр ойлгогдож байна.

 Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэдэгт тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон зэрэг баримт бичгийг дууриалган хийх, жинхэнэ баримт бичигт засвар, өөрчлөлт хийснийг ойлгоно.

Газар эзэмшүүлэх гэрээг зөвхөн захиргааны байгууллагатай байгуулж, уг байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох бөгөөд уг гэрээ, гэрчилгээ нь “Газар эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичиг” болох тул иргэд хоорондоо байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г эдийн баялаг буюу газар эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичиг гэж үзэхгүй тул шүүгдэгч С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгож, С-ийг цагаатгаж шийдвэрлэсэн.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/81036?daterange=2022-08-31%20-%202022-09-30&id=1&court_cat=2&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн:

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх