ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХИЙГ ТОДОРХОЙ ЗОРИЛГООР ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛНЭ.

  • 2023-01-18 11:18:30

Шийдвэрийн огноо, дугаар: 2022.10.13-ны өдрийн 124/ШШ2022/0048

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2022.01.10  Шийдвэрийн тойм-1

Увс аймгийн Засаг даргаас “өөрийн бүрэн эрхийн хүрээнд 8.0 сая төгрөгийг зарцуулсан” байхад аймгийн Төрийн аудитын газраас үүнийг зөрчил гэж үзэн, хохирол нөхөн төлүүлэх тухай акт тавьсан нь хуульд нийцэхгүй гэж маргажээ.

Аймгийн Засаг даргаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төсвийн багцаас өөрийн мэдэлд шилжиж ирсэн сум, багийн хөгжлийг дэмжих, чадавхжуулах хөтөлбөр арга хэмжээний хөрөнгийн үлдэгдэл санхүүжилтээс Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдын чадавхыг сайжруулах арга хэмжээний зардалд 8.0 сая төгрөгийн хөрөнгө зарцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн БОАЖГ-ын даргаар ажиллаж байсан Б-ийн сургалтын зардлын дэмжлэгт 8.0 сая төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан.  

Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, аймгийн Засаг даргын шийдвэр төсвийн хөрөнгийг төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулах арга хэмжээний зардалд зарцуулах зорилгоор гарсан мэт боловч бодит байдал дээр Б-ын өргөдөл, хүсэлтийн дагуу түүнд 8.0 сая төгрөгийн сургалтын зардлын дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн, мөн Б нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд магистрын  сургалтад суралцаагүй байна.

Өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн төрийн албан хаагчид  төсвийн хөрөнгөөр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах баталгаа үйлчлэхгүй, энэ агуулгаараа төсвийн хөрөнгө зарцуулах тухай энэхүү шийдвэр нь бодит нөхцөлд тохироогүй, зорилгодоо нийцээгүй ба аймгийн Засаг дарга Төсвийн тухай хуульд зааснаар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн санхүүжилтээ бодитой зөв тодорхойлж, төсвийн хөрөнгө захиран зарцуулах эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж, “аудитын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:

https://shuukh.mn/single_case/11414?daterange=2022-01-01%20-%202023-01-17&id=1&court_cat=3&bb=1 Холбоосоор танилцана уу.

Тойм бэлтгэсэн: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл