БАГИЙН ЗАСАГ ДАРГЫГ СОНГОХ СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ЭРХИЙГ ОРШИН СУУСАН ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАХГҮЙ.

  • 2023-01-18 11:20:05

Шийдвэрийн огноо, дугаар:  2022-01-27-ны өдрийн 124/ШШ2022/0008

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2023 оны 01 сарын 12, Дугаар 2

Багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшигч А-ээс “Нэр дэвшигч Б-г багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай”  Т сумын Т багийн иргэдийн Нийтийн хурлын 2021 оны 10 сарын 02-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшсэн Б 69,  А 67 санал авсан,  өөр багт оршин суух иргэний 1 санал, нэр дэвшсэн Б, А нар нь эхнэрийн хамт тус багт 2021 оны 09 сард шилжин ирсэн байхад Б эхнэрийн хамт санал өгсөн, харин А-г эхнэрийн хамт тухайн нутагт 180-аас дээш хоног оршин суугаагүй гэх үндэслэлээр саналыг нь өгүүлээгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд /2006 он/ өөр багт оршин суух иргэн санал өгөхгүй байхаар заасан, багийн Засаг даргыг сонгох сонгуульд санал өгөх эрхийг тухайн багт шилжин ирснээс хойш 180 хоногоос дээш хугацаагаар оршин суусан иргэн эдлэхээр хязгаарласан зохицуулалт байхгүй байхад А-г эхнэрийн хамт санал өгүүлэлгүй, 2 нэр дэвшигчид ялгавартай хандсан нь буруу гэж үзсэн.

Нийт 3 иргэний саналын зөрүү нь нэр дэвшигч нарын авсан саналын зөрүүгээс их байсан тул багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгож,  тухайн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг дахин зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:

  https://shuukh.mn/single_case/8960?daterange=2022-01-01%20-%202023-01-11&id=1&court_cat=3&bb=1 Холбоосоор танилцана уу.

Тойм бэлтгэсэн: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг