ШҮҮГДЭГЧИЙН ӨМГӨӨЛӨГЧ НАРЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРАЛДААН 2 УДАА ХОЙШЛОВ.

  • 2023-01-30 15:15:14

Шийдвэрийн дугаар: 2023/ШЗ/35

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2023.01.30 Процессын хураангуй.

Прокуророос шүүгдэгч Ж.Д, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.А, Н.Д, Б.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  шүүгчийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагт шүүх хуралдааныг товлон зарласан.

Шүүгдэгч Н.Д-ын өмгөөлөгч Б.Цагцалмаа “Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчийн оношлогоо, шинжилгээнд орохоор Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын комиссын шийдвэрээр улсын 1 дүгээр төв эмнэлэгт оношлогоо, шинжилгээ хийлгэхэд эмнэлэгт хэвтэж, мэс засалд орох шаардлагатай гэсэн хариу гарсан тул тус эмнэлэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-нд хэвтэн эмчлүүлж, мэс засалд орох шаардлагатай болсон. Эмнэлэгээс гарах хугацааг товлох боломжгүй байгаа тул  Н.Д-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, комиссын шийдвэрийн хамт ирүүлснийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.

2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн “Миний хүргэн ах Д.Н нь гэнэт нас барсан тул миний бие яаралтай Улаанбаатар хот руу явах болсон тул миний энэхүү аргагүй байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүгчийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 хүртэл  хойшлуулж шийдвэрлэсэн байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1-т “Өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасны дагуу шүүх хуралдааныг шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2 дахь удаагаа хойшлуулав. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Ерөнхий шүүгч Б.Гансүх