“Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоо ба практик судлал” сэдвээр Улсын дээд шүүхийн Шүүхийн практик судлалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хууль зүйн доктор (Ph.D) М.Хатанзориг илтгэл хэлэлцүүлсэн юм. Шүүхийн практик судлал нь нийгмийн эрх зүйн ухамсар, соёлыг илэрхийлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зэрэг ач холбогдолтойг тэрбээр онцлоод шүүхийн шийдвэрийн хууль зүйн ажиллагаа, үр дүн, үр дагаврыг судлах талаар дэлгэрүүлж мэдээллээ.
Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр шүүхийн шийдвэрийн цахим санг ашиглаж байгаа өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг “Шүүхийн шийдвэрийн цахим санг хөгжүүлэх боломж, чиг хандлага” илтгэлдээ дурдаад, цахим санг хөгжүүлэх шаардлага, олон улсын чиг хандлагын талаар мэдээллээ. Шүүхийн шийдвэрийг судалгааны эргэлтэд оруулахад шүүгч, хуульч, иргэдийн тус бүрийн хэрэгцээнд тохирсон хайлт шүүлтийн систем бүрдүүлэх, шүүхийн шийдвэрийг судалгааны эргэлтэд оруулах шүүхийн их өгөгдлийн сан бүрдүүлэх, хиймэл оюун ухаан ашиглах суурийг одооноос эхлэн тавих, шүүхийн цахим номын санг бүх талын эх сурвалжийн түвшинд хөгжүүлэх талаар танилцуулсан юм. Илтгэлтэй холбогдуулан цахим сан, системийг хөгжүүлэхэд шүүгч, хуульчдын саналыг тусгаж байгаа эсэх, мэдээллийн баазаа хэрхэн бүрдүүлэх талаар шүүгчид тодруулж, саналаа хэлэв.
Анхан, давж заалдах шатны шүүх дэх практик судлалын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар Нийслэлийн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Б.Мөнхбат илтгэл хэлэлцүүллээ. Анхан шатны шүүхэд шийдвэрлэсэн хэргийг давж заалдах шатны шүүх хэрхэн шийдвэрлэж байгаа болон бусад шүүхийн шийдвэр, сургалтаас практик судалгаа хийж байгаа одоогийн нөхцөл байдлыг тэрбээр танилцуулаад, шүүхийн шийдвэрийг дата болгон боловсруулж цахим санд төвлөрүүлэх, судалгаа хийх бүтцийг Тамгын газарт бүрдүүлэх саналаа олон улсын жишигтэй уялдуулж тайлбарлалаа. Анхан шатны шүүхэд ажлын ачааллаас шалтгаалж практик судлах боломж хомс байгааг шүүгчид дурдаж баг бүрдүүлж судалгаа хийхийн ач холбогдлыг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.
Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд шүүхэд ашиглаж болох “ШП систем”-ийг хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм. Эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхэд ашиглаж болох бүх хууль, гарын авлагыг системчилсэн байдлаар бүрдүүлсэн бөгөөд хэрхэн хөгжүүлж байгаагаа мэдээлэв.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр шүүхийн шийдвэр нь орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны үндсэн эх сурвалжид тооцогдох болсныг онцлоод монгол шүүгчдийн оюуны бүтээл болох 380,000 шүүхийн шийдвэрүүдийг судалгааны эргэлтэд оруулж, улмаар хиймэл оюун ухааныг ашиглан боловсруулснаар шүүн таслах ажиллагааг технологийн шинэ түвшинд зохион байгуулж болохыг олон улсын жишигт үндэслэн тайлбарласан юм.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР