Тус арга хэмжээ өнөөдөр Увс аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд нээлтийн нэгдсэн хурал Увс аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн танхимд зохион байгуулагдаж байна. Нээлтийн хуралд аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-эрдэнэ, Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэлийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат, Монголын программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир, Увс аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга О. Ганцоож болон аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан, Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, сумдын Засаг дарга нар оролцож байна.
Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас дарга Л.Баттулга, мэдээлэл технологийн мэргэжилтэн Д.Цэвээндорж нар оролцлоо.
"Цахимд хэвшье" аяны нээлтийн нэгдсэн хурлыг нээж ЗДТГ-н дарга Г.Болор-эрдэнэ үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, Дижитал- Увс зорилтыг тавин ажиллаж байна. Аймгийн төрийн байгууллагын үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний и-Монголиа нэгдсэн системд холбож, 2024 онд 145 гаруй үйлчилгээг и-Монголиа нэгдсэн системд нэвтрүүлэх дахин загварчлал хийгдсэн. Аймгийн хэмжээнд нийт Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны “И-Ар-ПИ” цахим системийг ашиглаж байгаа бөгөөд төрийн албан бичиг солилцоог цахимаар явуулж байна.
Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар мэндчилгээ дэвшүүлж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээг танилцууллаа.