ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНД АЖИЛЛАХАД ТУСГАЙ ШАЛГАЛТЫГ ЗААВАЛ ӨГНӨ

  • 2023-02-15 00:00:00

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022-05-02-ны өдрийн 124/ШШ2022/0026

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2023 оны 02 сарын 08, Дугаар 3

Иргэн А-г тусгай шалгалт өгөхгүйгээр мэргэжилтний албан тушаалд томилогдсон гэх үндэслэлээр Аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлжээ.

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтыг /тухайн албан тушаалын/ төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас авах, боломжгүй тохиолдолд төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс авахаар хуульчилсан.

А нь байгаль хамгаалагчийн ажлаасаа чөлөөлөгдөж,мэргэжилтний албан тушаалд шууд томилогдсоноор “тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас эхний ээлжид тусгай шалгалт өгөх” эрхийг эдлэх боломжгүй болсон, төрийн албаны нөөцөд байгаа иргэдийн дунд зарласан албан тушаалын тусгай шалгалтад орсон боловч эхний байранд шалгараагүй тул нэхэмжлэгч “төрийн албаны дэс түшмэлийн нөөцөөс байгаль хамгаалагчаар томилогдон ажиллаж байсан тул дэс түшмэлийн ангиллын мэргэжилтнээр ажиллахад тусгай шалгалт өгөх шаардлагагүй” гэсэн үндэслэлээр маргасан нь үндэслэлгүй.

А нь 2017 онд байгаль хамгаалагчаар/ТЗ-2/ томилогдон ажиллаж байсан боловч 2019 оны 10 дугаар сард мэргэжилтний орон тоонд /ТЗ-5/ тусгай шалгалт өгөхгүйгээр шууд томилогдсон нь хуульд нийцээгүй гэж шүүх үзэв.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:

https://www.shuukh.mn/single_case/9335?daterange=2022-01-01%20-%202023-02-08&id=1&court_cat=3&bb=1

Холбоосоор танилцана уу.

Тойм бэлтгэсэн: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг