ХҮНД ӨВЧНӨӨР ӨВДСӨН ШҮҮГДЭГЧИД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ТҮҮНИЙГ ЭДГЭРЭХ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ТҮДГЭЛЗҮҮЛЭВ

  • 2023-02-15 02:00:00

Шийдвэрийн дугаар: 2022.11.15 №412 ШЗ

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2023.02.10 Процесс хураангуй-1

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч А,Б,В нарыг авилгын гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шийдвэрлүүлэхээр 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, хуульд заасан хугацаанд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарласан боловч шүүгдэгч А-нь өвчний улмаас шүүхэд хүрэлцэн ирээгүйгээс шүүх хуралдааныг 6 удаа хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Шүүхээс шинжээч томилж, шүүгдэгч А-гийн өвчний шинж байдлыг тогтоолгоход нийтийн албан тушаалтан, шүүгдэгч А-нь элэгний эсийн гаралтай, хорт хавдар гэх, амь насанд аюултай, хүнд өвчнөөр өвчилж, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улсын төв нэгдүгээр эмнэлгийн амьд донороос элэгний баруун дэлбэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэн, хагалгааны дараах байдалтай, эмчийн хяналтад байгаа тул тэрээр шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүгдэгч А,Б,В нарт холбогдох эрүүгийн хэргээс А-д холбогдох хэсгийг тусгаарлан хэлэлцэх боломжгүй гэж шүүх үзсэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгч А-г “хүнд өвчний улмаас шүүхэд ирэх бололцоогүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэх үндэслэлээр А,Б,В нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг нийтийн албан тушаалтан А-г эдгэрэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Одоогийн байдлаар хэрэг түдгэлзүүлсэн төлөвтэй, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно.

Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа