АЖИЛТАН АЖЛААС ЧӨЛӨӨЛСӨН АЖИЛ ОЛГОГЧИЙН ШИЙДВЭРИЙГ ЭС ЗӨВШӨӨРВӨЛ БАЙГУУЛЛАГЫНХАА ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ КОМИССТ ХАНДАЖ ШИЙДВЭРЛҮҮЛНЭ

  • 2023-03-01 00:00:00

Шүүхийн нэр, шүүгчийн захирамжийн дугаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.10.10 №1548

Процессын тоймын огноо, дугаар: №02, 2023.02.14

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч А нь хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан тус эмнэлгийн даргын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/197 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор байгууллагынхаа хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр заасан.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 425 дугаар “Тус сумын ЗДТГ-т хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй” гэх албан бичгийг ирүүлсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 6 дугаар сард хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдан ажиллаж байгаа талаар тайлбарласан.

Иймд нэхэмжлэгч тухайн байгууллагынхаа хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд энэхүү журмыг хэрэглэх шаардлагатай гэж шүүхээс үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Талууд хөдөлмөрийн маргаан таслах комиссоор маргаанаа шийдвэрлүүлж чадаагүй тохиолдолд шүүхэд хандах эрх нь нээлттэй болно.

Тоймыг бэлтгэсэн: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг