ИРГЭНИЙ ӨМЧИД УЧИРСАН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ СУМЫН ЗАСАГ ДАРГА ТОГТООХГҮЙ

  • 2023-03-22 06:00:00

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.10.14 №438

Тоймын огноо, дугаар: №01, 2023.02.14

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч А-аас хариуцагч Б, В нарт холбогдуулан гал түймрийн улмаас учирсан хохирол болох дэлгүүрийн зориулалттай барилга, агуулахын үнэ 22,000,000 төгрөг, шатсан барааны үнэ 17,024,500 төгрөг, нийт 39,024,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд эрх бүхий хөрөнгийн үнэлгээчний дүгнэлтээр 2022 оны 3 дугаар сарын байдлаар суманд 7,6 х 6,4м хэмжээтэй дэлгүүрийн зориулалттай барилга, агуулахын зах зээлийн үнэлгээг 22,000,000 төгрөг болохыг тогтоосон байна.

Түүнчлэн сумын Засаг даргын захирамжаар томилсон ажлын хэсэг нь нэхэмжлэгч А-д барааны хохирлыг 54,497,200 төгрөг, дэлгүүрийн зориулалттай барилга, агуулахыг 30,000,000 төгрөг, нийт хохирлыг 84,497,200 төгрөг гэж тогтоосон.

Хуульд зааснаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь түймрийн улмаас иргэний өмчид учирсан хохирлын хэмжээг ажлын хэсэг байгуулан тогтоох чиг үүрэг бүхий этгээд биш юм.

Шүүхээс хөрөнгийн үнэлгээчний дүгнэлтийг үндэслэн хариуцагч Б, В нараас дэлгүүрийн зориулалттай барилга, агуулахын үнэ 22,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шатсан барааны үнэ 17,024,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/124475?daterange=2022-01-01%20-%202023-03-22&id=1&court_cat=1&bb=1&fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1OGlUFelIQ8kNEHWMf7h43MIxGX1NtrWOOUs5wqio6ntHkQ2UqFNW10Dw_aem_AfPo5wJUgJEMcdPOgpV9uTCftL6eeKQOCL_bvL4BSwqOFQMxgCZvBREBPLtPYL5_FgSwYYcaSvwjStT9abe4DoVi