ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААЖ ЭХЭЛСЭН ХУГАЦААГ ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЖ, БАЙЛДАГЧ ЦОЛ АВСНААР БИШ ТУХАЙН ЦЭРГИЙН АНГИ САЛБАРТ ХУВААРИЛСАН ӨДРӨӨС ЭХЛЭН ТООЛНО

  • 2023-03-29 00:00:00

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шийдвэрийн дугаар: 2023.02.03 Дугаар 22

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Шийдвэрийн хураангуй-2

Прокуророос шүүгдэгч А-г цэргийн албанаас оргон зайлах, шүүгдэгч Б-г дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэх гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан шалгаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч А-нь Хилийн цэргийн ....дугаар ангид алба хааж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13-14 цагийн орчимд тус ангийн эрүүл мэндийн төвийн даргын зөвшөөрлөөр, ээлжийн сувилагчийн хамт эмнэлэгт үзүүлэхээр цэргийн ангиас гарч, эмнэлэгт дараалал хүлээж байх үедээ цэргийн албанаас оргон зайлсан,

Тус Хилийн цэргийн ангийн .......албаны дарга, ахмад цолтой, шүүгдэгч Б-нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч А-г “жагсаалаас хоцорсон” гэх шалтгаанаар түүнтэй цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, шанаа хэсэгт нь савхин бээлийгээр 2-3 удаа цохисон болох нь тус тус тогтоогдсон байна.

Нэг: Шүүгдэгч А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлд заасан “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэргийн субьект нь “цэргийн алба хаагч” байхаар хуульд заажээ.

Шүүгдэгч А-нь цэргийн алба хаах насанд хүрсэн, цэргийн бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд тэрээр цэргийн жинхэнэ алба буюу хугацаат цэргийн алба хаахаар 2022 оны II ээлжийн цэрэг татлагаар В аймгаас цэргийн албанд тэнцэн татагдаж, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хилийн цэргийн ....дугаар ангид хуваарилагдан, улмаар тус ангид цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж байсан цэргийн үүрэгтэн болох нь цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, цагаан хуудас болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлд заасан цэргийн гэмт хэргийн субьект буюу “Цэргийн алба хаагч” гэж үзнэ.

Тодруулбал: Шүүгдэгч А-нь цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт холбогдох үедээ цэргийн тангараг өргөөгүй, байлдагч цол аваагүй, Хилийн цэргийн ... дугаар ангид цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж байсан, шинэ алба хаагч байсан болох нь тогтоогдож байх боловч Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар хугацаат цэргийн алба хааж эхэлсэн хугацааг цэргийн тангараг өргөж, байлдагч цол олгосон өдрөөс биш цэргийн анги, салбарт хуваарилсан өдрөөс эхлэн тоолохоор заасан байна.

Шүүгдэгч А-г 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн алба хаагчаар Хилийн цэргийн ..... дугаар ангид хуваарилсан байх тул түүнийг тухайн өдрөөс эхлэн “Цэргийн алба хаагч” гэж үзэх бөгөөд Цэргийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар цэргийн албанд татагдах, элсэх нь цэргийн үүрэгт хамаарч байна.

Иймд шүүгдэгч А-нь Хилийн цэргийн дугаар ангид цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж, хугацаат цэргийн алба хааж байхдаа цэргийн албанаас оргон зайлсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сар хорих ялаар шийтгэв.

Хоёр: Шүүгдэгч Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэлийн талаар:

Хилийн цэргийн дугаар ангийн .........албаны даргаар ажиллаж байсан шүүгдэгч Б-нь тус ангийн захирагчийн тушаалаар хугацаат цэргийн албанд 2022 оны II ээлжээр татагдсан шинэ дайчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийн удирдлагын бүрэлдэхүүнд ажиллаж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12-13 цагийн үед хугацаат цэргийн алба хаагч, шүүгдэгч А-г “жагсаалаас хоцорсон, юм сурахгүй байна” гэх шалтгаанаар түүний шанаа хэсэгт савхин бээлийгээр 2-3 удаа цохисон нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн бол “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Шүүгдэгч Б-нь Хилийн цэргийн ....дугаар ангийн .........албаны даргын албан тушаалыг эрхэлж байсан, ахмад цолтой офицер байх бөгөөд тэрээр ангийн захирагчийн тушаалаар 2022 оны II ээлжийн цэрэг татлагаар ирсэн шинэ дайчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийн удирдлагын бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж байсан, Цэргийн албаны дотоод дүрэмд зааснаар цолны эрэмбээрээ шинэ алба хаагч А-г захирах эрх бүхий алба хаагч буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “дарга, захирагч”, харин шинэ цэрэг Б-нь “захирагдагч” болох нь нотлогдож байна.

Дарга, захирагч нь захирагдагчийн бие махбодид халдах үйлдэл нь цохих, алгадах, түлхэх, өшиглөх, хоолой боох зэрэг аргаар илэрч болох ба дарга, захирагчийн зүгээс алба хаагчийн биед халдсан үйлдэл хийснээр гэмт хэрэг төгссөнд тооцохоор хуульчилсан, халдлагад өртөгч цэргийн алба хаагчийн эрүүл мэндэд заавал хохирол, хор учруулсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч буюу ахмад Б-нь шинэ цэрэг А-гийн шанаа тус газарт бээлийгээр цохисноор гэмт хэрэг үйлдсэнд тооцогдох ба Б-гийн үйлдлийн улмаас А-д хохирол учирсан эсэхээс үл хамааран шүүгдэгч Б-гийн дээрх үйлдэл нь “цэргийн дүрмийн бус” харилцаа болно.

Иймд шүүгдэгч буюу Хилийн цэргийн ..... дугаар ангийн ....... албаны дарга, шүүгдэгч Б-гийн шинэ цэрэг А-г савхин бээлийгээр шанаа тус газар нь 2-3 удаа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангах тул шүүгдэгч Б-г уг гэмт хэргийг үйлдсэнд тооцож, 7 сар хорих ялаар шийтгэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/86417?daterange=2023-01-01%20-%202023-03-29&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа