ШҮҮХ ХУРАЛДААНААР НӨХӨН ГҮЙЦЭТГЭХ БОЛОМЖГҮЙ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ХИЙЛГЭХЭЭР ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААВ

  • 2023-03-30 00:00:00

Шийдвэрийн огноо, дугаар: 2023.01.31, №41 ШЗ

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Процессийн тойм-3

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Прокуророос Х, З, Б, С нарыг нэр бүхий компаниудын эзэмшлийн техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслүүдийг улсын бүртгэлийн мэдээллийн санд “тэнцсэн” гэх мэдээллийг оруулж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тээврийн хэрэгсэл эзэмшигч компаниуд зөвшөөрөл авсан эсэх, зөвшөөрөл авсан бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн уурхайгаас Гашуун сухайт- Ганц модны боомтын чиглэлд ачаа (нүүрс) тээвэрлэсэн эсэх, хэрэв тээвэрлэсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд дээр дурдсан 4 компанийн 324 хүнд даацын автомашин, 326 чиргүүлээр хэдэн удаа, хэдэн тонн ачаа (нүүрс) тээвэрлэж, "Н групп" ХХК, "У групп" ХХК, “Т групп” ХХК, "Б групп" ХХК-нь хэр хэмжээний ашиг олж, тэдгээр компаниудад эдийн засгийн ямар давуу байдал бий болсон, ямар хэмжээний хохирол, хор уршиг учирсныг болон өөр бусад хүмүүс энэ хэрэгт оролцоотой эсэхийг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй.

Нэр бүхий 4 компанийн үүсгэн байгуулагч, төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг албан ёсны баримт бичгийг нь үндэслэн тогтоож, тэдгээрийг хохирол төлбөр хариуцах этгээд болох иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлээгүй зэргээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн болно.

Тоймыг бэлтгэсэн: Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа