НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ГОМДЛЫН ШААРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРИЙГ ЭС ЗӨВШӨӨРВӨЛ ТӨВ ЗӨВЛӨЛД ГОМДЛОО ГАРГАНА

  • 2023-04-19 00:00:00

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023-04-13-ны өдрийн 124/ШЗ2022/0082

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Процессын тоймын огноо, дугаар: 2023 оны 04 сарын 19, Дугаар 2

Нэхэмжлэгч Э нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлд холбогдуулан “Хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр үргэлжлүүлэн олгохоос татгалзсан” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Засгийн газрын тогтоолоор баталсан “Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-д салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл төв зөвлөлд гомдлоо гаргахаар, төв зөвлөл гомдол гаргагчийн гомдол хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл салбар зөвлөлийн шийдвэрийг өөрчлөх, хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” эрх хэмжээг хэрэгжүүлэхээр зохицуулсан байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгч Э нь “хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжгүй” гэж шийдвэрлэсэн салбар зөвлөлийн шийдвэрт гаргах гомдлоо төв зөвлөлд гаргаж шийдвэрлүүлэх боломжтой, мөн тэрхүү шийдвэрээс хамаарч шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг