ШҮҮХ ХУРАЛДААНААР НӨХӨН ГҮЙЦЭТГЭХ БОЛОМЖГҮЙ НЭМЭЛТ АЖИЛЛАГААГ ГҮЙЦЭТГҮҮЛЭХЭЭР ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААВ

  • 2023-09-05 00:00:00

Шийдвэрийн дугаар: 2023.08.07 №259 ШЗ

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2023.09.04 Процесс хураангуй-4

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтээр улс төрийн нөлөө бүхий этгээд буюу Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 7 удаа захирамж гарган, “Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй газраас өөрийн танил тал, нэг намын найз нөхөд, ах дүү, хамаатан садан зэрэг хамаарал бүхий 4 хуулийн этгээд, нэр бүхий 7 иргэнд 59.474 м2 газрыг хууль бусаар олгосон,

Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан яллагдагч Г.Отгонболд, тус газрын кадастрын мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нарыг улс төрийн нөлөө бүхий этгээд Ч.Чимэдийн холбогдсон гэх дээрх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

Мөн Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн, яллагдагч У.Болор-Эрдэнэ, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал ажилтай, яллагдагч Б.Ариунзаяа нарыг бүлэглэж, Э.Б-ын эзэмшлийн 700м2, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг бусдад шилжүүлэхдээ уг газрын хэмжээг 2800м2 болгож, “Улаангом сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй 2100м2 газрыг нэмж, Э.Б-ын нийт газрын хэмжээг 2800м2 болгон нэмэгдүүлж, бусдад худалдан борлуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт тус тус холбогдуулан шалгаж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авилгын гэмт хэргийн холбогдох хэсгээр зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс талууд, оролцогчдын хүсэлтээр уг хэрэгт хуульд заасан журмын дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад мөрдөгч, прокурор нь Ч.Чимэд, Г.Отгонболд, У.Болор-Эрдэнэ, Б.Ариунзаяа нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолвол зохих зарим асуудлуудыг нотлоогүй, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд, эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй байна гэж шүүх үзсэн тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн.

1. Тодруулбал: Яллагдагч Ч.Чимэд, Г.Отгонболд, У.Болор-Эрдэнэ нарын холбогдсон хэрэгт Барилга хот Барилга хот байгуулалтын яамны хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэнг хохирогчоор,

Яллагдагч У.Болор-Эрдэнэ, Б.Ариунзаяа нарын холбогдсон хэрэгт Улаангом сумын Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүй, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэнг хохирогчоор тус тус тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудад зааснаар Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх төрийн, нийтийн өмч бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хүн амаа төлөөлөн аймаг, орон нутгийн өмчийн зүйлс (газар)-ийн өмчлөгчийн эрхийг эдэлдэг байна.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Ч.Чимэд, Г.Отгонболд, У.Болор-Эрдэнэ, Б.Ариунзаяа нарт холбогдох эрүүгийн гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийг зөв тодорхойлж чадаагүй буюу Увс аймаг болон Улаангом сумын тухайн жилийн газрын төлөвлөгөө зөрчигдсөн гэх хэрэгт хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүн амаа төлөөлөн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх субьект болох аймаг, сумын “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ыг биш Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтэн, тамгын газрын хууль зүйн мэргэжилтэн зэргийг шууд хохирогчоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд нийцээгүй гэж шүүх үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөвхөн мөрдөгч, прокурорын тогтоолоор, мөрдөн байцаалтын шатанд тогтоодог тул дээрх ажиллагааг шүүхийн шатанд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Иймд Ч.Чимэд, Г.Отгонболд, У.Болор-Эрдэнэ, Б.Ариунзаяа нарт холбогдох хэрэгт хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг зөвтгөн тогтоолгох ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд нэмэлтээр гүйцэтгүүлэхээр хэргийг буцаасан.

2. Яллагдагч Ч.Чимэд, Г.Отгонболд, У.Болор-Эрдэнэ нарыг яллаж байгаа нэр бүхий 4 хуулийн этгээд,нэр бүхий 7 этгээдэд газар эзэмших эрхийг хууль бусаар олгосон гэх үйлдлээс “М“ ХХК-д 2 удаа хууль бусаар газар олгосон гэх үйлдэл, иргэн П.А-д 1 удаа хууль бусаар газар олгосон гэх үйлдлийг “М” ХХК-ийн захирал н.Н болон иргэн П.А нарын нэхэмжлэлээр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг маргаан үүсгэн хянан шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтээр Ч.Чимэд, Г.Отгонболд, У.Болор-Эрдэнэ нарыг буруутган яллаж байгаа “М” ХХК болон иргэн П.А нарт Увс аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас газар олгосон гэх үйлдэлд холбогдох хэсгийг Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаж, шүүхийн шийдвэрээр “М” ХХК-д 2 удаа газар олгосон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

Иймд прокуророос Ч.Чимэд, Г.Отгонболд, У.Болор-Эрдэнэ нарыг яллаж байгаа дээрх 3 үйлдлийг хянан шийдвэрлэсэн Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон эсэх, бусад нэр бүхий иргэд, хуулийн этгээдээс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг маргаан үүсгэсэн эсэх, эцэслэн шийдвэрлэгдсэн өөр захиргааны хэрэг маргаан байгаа эсэхийг тогтоолгох ажиллагааг гүйцэтгүүлэх нь Ч.Чимэд, Г.Отгонболд, У.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байх тул дээрх ажиллагааг нэмэлтээр нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

3. Прокурорын яллах дүгнэлтээр Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн, яллагдагч У.Болор-Эрдэнэ, газрын даамал ажилтай, яллагдагч Б.Ариунзаяа нарыг бүлэглэж, Э.Б-ын эзэмшлийн 700м2, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бусдад шилжүүлэхдээ уг газрын хэмжээг 2800м2 болгон нэмэгдүүлж, эрх шилжүүлэх тухай захирамжийн төслийг бэлтгэн, улмаар Улаангом сумын засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/273 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамж гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж яллажээ.

Гэтэл У.Болор-Эрдэнэ, Б.Ариунзаяа нар нь газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргах эрхгүй этгээдүүд байх тул тэдгээрийн холбогдсон дээрх гэмт хэрэгт тухайн үед Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.П-г хамтран оролцсон эсэхийг тогтоолгох ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд нөхөн гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Дээрх үндэслэлүүдээр болон мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн зарим ажиллагааг хуульд нийцүүлэх зэрэг ажиллагааг гүйцэтгүүлсний дараа хэргийг шийдвэрлэхээр байх тул Ч.Чимэд, Г.Отгонболд, У.Болор-Эрдэнэ, Б.Ариунзаяа нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн бөгөөд дурдсан мөрдөн шалгах ажиллагааг шүүхийн шатанд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд, эргэлзээгүй байдлаар тогтоох үүргийг хуулиар хүлээдэг болно.

Тоймыг бэлтгэсэн: Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа