МЭНДЧИЛГЭЭ

  • 2024-06-03 00:00:00

         

         Монгол Улсад захиргааны хэргийн шүүх үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг нэхэмжлэл, гомдлын хүрээнд хянах  хэрэг маргааны төрлөөр дагнасан шүүх юм.

         Захиргааны хэргийн шүүхийн 20 жилийн үйл ажиллагаа Монгол Улсын шүүхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нь дамжиггүй бөгөөд цаашид хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх үйлсээ нэр төртэй биелүүлэх нь нийт шүүгч, шүүхийн ажилтнуудын үүрэг билээ.

         Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн анхны шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаар зарлигаар У.Бадамсүрэн томилогдож, Ерөнхий шүүгчээр Увс аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.Бавуу /аймгийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийг давхар эрхэлж байсан/, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж ажиллаж байсан түүхтэй.

        Захиргааны хэргийн шүүхэд ажиллаж байсан болон ажиллаж байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, иргэд та бүхэндээ Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсье.

     Хүндэтгэсэн,

Увс аймаг дахь Захиргааны хэргийн

анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг