ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ХУУЛЬД ЗААСАН ҮНДЭСЛЭЛ, ЖУРМЫН ДАГУУ ЯВУУЛАХ ҮҮРЭГТЭЙ

  • 2024-06-27 00:00:00

Шийдвэрийн огноо, дугаар: 2024.02.23-ны өдрийн 124/ШШ2024/0004,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын огноо, дугаар: 2024.06.13, дугаар 1

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Эрх бүхий албан тушаалтнаас “...нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд даатгуулагч Ц.А-гийн шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй”  гэх зөрчилд байгууллагын нягтлан бодогчийг буруутай гэж үзэн, нягтлан бодогч төрийн албан хаагч тул Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэсэн  үндэслэлээр шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэжээ.

Прокуророос эрх бүхий албан тушаалтныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй гэх үндэслэлээр буруутган дүгнэлт шүүхэд гаргасан.

Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шалгаж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт ач холбогдол бүхий л нотлох баримтыг цуглуулан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, шийтгэл оногдуулах, шийтгэлээс чөлөөлөх шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан байхад энэхүү процесс ажиллагааг зөрчиж шийдвэр гаргасан.

Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хуулийн этгээдийг холбогдогчоор татаж оролцуулахаар байхад шууд нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаа нь нотлогдож байгаа гэх үндэслэлээр Г.Б-г зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, холбогдогчийг буруу тодорхойлсон зэрэг зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүргээ эрх бүхий албан тушаалтан гүйцэтгээгүй гэж үзэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч, улсын байцаагчийн гаргасан шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/16083?daterange=2024-01-01%20-%202024-06-20&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж