“ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ” ЖУРАМ БАТЛАГДАХААС ӨМНӨ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭРТ ГАРСАН БОЛ УРАМШУУЛАЛ ОЛГОГДОХГҮЙ

  • 2024-12-15 00:00:00

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар:  2024-07-30-ны өдрийн 124/ШШ2024/0015

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2024 оны 12 сарын 05, Дугаар 2

         Сумын Засаг даргын тамгын газраас  иргэн Б-д суманд ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд олгох урамшууллыг олгоогүй бөгөөд нэхэмжлэгчээс урамшуулал олгохгүй байгааг хууль бус гэж үзэн, урамшуулал олгохыг даалгуулахаар маргасан.

Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур,Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэсэн зохицуулалт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэмэлтээр орсон, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох” журмыг баталсан байна.

Төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж байсан нэхэмжлэгч Б нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан, өөрөөр хэлбэл урамшуулал олгох журам батлагдахаас өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн, журамд  төрийн албан хаагчийн орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцлийг баталгаажуулах зорилгоор ажиллаж байгаа төрийн албан хаагчид урамшууллыг олгохоор заасан, өндөр насны тэтгэвэрт гарсан иргэнд урамшууллыг нөхөн олгохоор тусгайлан заагаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:

https://www.shuukh.mn/single_case/16466?daterange=2024-01-01%20-%202024-12-06&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг