СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАХДАА АЖИЛТАНТАЙ ТОХИРОЛЦСОН БАЙХЫГ ШААРДАНА

  • 2024-12-15 00:00:00

Шийдвэрийн огноо, дугаар: 2024.06.21-ний өдрийн 124/ШШ2024/0011,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын огноо, дугаар: 2024.12.05, дугаар 3

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Сумын Засаг даргын сургуулийн захирлыг сэлгэн ажиллуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг нэхэмжлэгч Б гаргасны дараа аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Б-г сэлгэн ажиллууласан сургуулийн захирлаар үргэлжлүүлэн ажиллуулахаар томилсон тул нэхэмжлэгчээс сумын Засаг даргын шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж маргасан.

Сумын Засаг даргаас 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар 2 дугаар сургуулийн багш, ажилтнууд өргөдлийн дагуу Б-г ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар сэлгэн томилжээ.

Сумын Засаг дарга захирлыг сэлгэн ажиллуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж зааснар ажилтантай тохиролцоогүй, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т зааснаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын саналыг авахгүйгээр шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд үндэслэх зарчимд нийцээгүй гэж шүүхээс дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган нэхэмжлэгчийг 2-р сургуулийн захиралын албан тушаалд эгүүлсэн тогтоож шийдвэрлэв.

Хариуцагчийн Сумын Засаг даргаас Боловсролын ерөнхий хууль хэрэгжиж сургуулийн захирлыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга томилж,чөлөөлөх эрхийг хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор маргаан бүхий 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгосон боловч нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх, ашиг сонирхол байгаа тул Б/18 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/16356?daterange=2024-01-01%20-%202024-12-05&id=1&court_cat=3&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж