СОНГОГЧДЫН САНАЛЫГ ТАТАХ ЗОРИЛГООР СОНГУУЛИЙН ЖИЛД ХОНЖВОРТ СУГАЛАА ЗОХИОН БАЙГУУЛСАН НЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ТОГТООГДСОН БАЙХЫГ ШААРДАНА

  • 2025-01-03 00:00:00

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар:  2024-11-20-ны өдрийн 124/ШШ2024/0031

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2024 оны 12 сарын 10, Дугаар 4

         Аймгийн сонгуулийн хороо орон нутгийн ээлжит 2024 оны сонгуульд нэр дэвшигч нь өөрийн нэр дээрх компаниар дамжуулан орон нутгийн хурлын сонгуулийн жил эхэлснээс хойш сугалаат худалдаа зохион байгуулсан гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэлээс хасаж, “сонгуулийн дүнг өргөн барих тухай” тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг нэр дэвшигч О эс зөвшөөрч маргасан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт “ “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан.Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсэгт тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол торгуулийн шийтгэл оногдуулахаар заасан, энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхаар зохицуулсан.

Нэр дэвшигч О-г сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил гаргасныг тогтоосон Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй байхад аймгийн сонгуулийн хороо “өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх эрхтэй” гэж үзэн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж аймгийн сонгуулийн хорооны О-д холбогдох шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:

https://www.shuukh.mn/single_case/16466?daterange=2024-01-01%20-%202024-12-06&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг