СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭД ХУУЛЬД ЗААСНААС БУСАД АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН БАЙХЫГ ШААРДАХГҮЙ

  • 2025-01-03 00:00:00

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар:  2024-11-29-ний өдрийн 124/ШШ2024/0032

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2024 оны 12 сарын 10, Дугаар 5

         Аймгийн сонгуулийн хороо орон нутгийн ээлжит 2024 оны сонгуульд нэр дэвшигч нь Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Увс аймгийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженерийн албан тушаалаас чөлөөлөгдөхгүйгээр нэр дэвшсэн гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэлээс хасаж, сонгуулийн дүнг өргөн барьсан тогтоолын нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг нэр дэвшигч А эс зөвшөөрч маргасан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1, 28.4.2, 28.4.3 дахь хэсгүүдэд сонгуульд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн, 28.4.4-д Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр зохицуулсан.

Шүүхээс “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн  удирдлагыг “Төслийн удирдах хороо” хэрэгжүүлдэг, харин Увс аймгийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер нь төслийн гүйцэтгэх ажилтны чиг үүргийг  хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр эрхэлдэг тул А нь хуулиар ажлаас чөлөөлөгдөх шаардлагад хамаарахгүй гэж үзсэн.

Иймд аймгийн сонгуулийн хорооны А-г нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэлээс хасаж, сонгуулийн дүнг өргөн барьсан тогтоолоос хассаныг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:

https://www.shuukh.mn/single_case/17456?daterange=2024-01-01%20-%202024-12-10&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг