ЭМГЭНЭЛ
- 2025-02-11 00:00:00

ДОЛООНУУД ОВОГТ ЁНДОНГИЙН РИНЗААН
/1953-2025/
Монгол Улсын гавьяат хуульч, ахмад шүүгч Ёндонгийн Ринзаан нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өвчний учир таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.
Ё.Ринзаан нь 1953 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын "Өргөн ширэг" хэмээх газар Х.Ёндонгийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ.
Тэрээр 1972-1973 онд Увс аймгийн Техник мэргэжлийн сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетын хуулийн салбарыг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн.
Тэрбээр ажил хөдөлмөрийн гараагаа 1976 онд Увс аймгийн Өмнөговь сумын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргаанаас эхэлж, 1976-1982 онд Увс аймгийн Өмнөговь сумын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргаанд нарийн бичгийн дарга, 1982-1983 онд Увс аймгийн Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны Иргэний гэр бүл, нотариатын товчоонд хуулийн зөвлөх, нотариатч, 1988-1995 онд Булган аймгийн Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргаанд Хууль зүй, арбитрын хэлтсийн дарга, 1995-1996 онд Увс аймгийн Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргаанд Захиргаа, хууль зүйн хэлтсийн дарга, 1996-2003 онд Увс аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2003-2013 онд Дархан- Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013 онд Төв аймаг дахь Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан байна.
Ахмад шүүгч Ё.Ринзаан нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхэм үүрэгтээ шударга, хариуцлагатай ханддаг, онолын өндөр мэдлэгтэй, шүүн таслах ажиллагааны арвин туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй шүүгч байлаа.
Түүний улсад 42 жил, хууль зүйн салбарт 38 жил ажилласан хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан медаль”, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” тэмдэг, Булган аймгийн “Тэргүүний ажилтан" тэмдэг, Увс аймгийн “Тэргүүний ажилтан" тэмдэг, Дархан-Уул аймгийн "Хүндэт өргөмжлөл", Дархан-Уул аймгийн 'Тэргүүний ажилтан" тэмдэг, “Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль”, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль”, Хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан" тэмдэг, “Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Монгол Улсын Дээд шүүхийн Жуух бичиг, “Алтан гадас” одонгоор тус тус шагнаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 90 дугаар зарлигаар “Монгол Улсын гавьяат хуульч” цолыг хүртээжээ.
Талийгаачийн төлөв даруу, шударга, зарчимч, хөдөлмөрч, хүнлэг энэрэнгүй сайхан чанар, шүүгчийн өндөр ур чадвар, шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд
гүн эмгэнэл илэрхийлье.
УВС АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР