“Шүүхийн шинэтгэлийг дэмжигч хэвлэл”-үүдэд талархал илэрхийллээ

  • 2016-12-06 09:55:07

Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг 36 сарын турш мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

 

 

Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг дэмжин цаг үеийн мэдээллийг шуурхай мэдээлж ирсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон Ажлын албаны газар, хэлтэс, албаны дарга нар оролцлоо.

 

 

\"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг 2014, 2015, 2016 оны турш 36 багц сэдвээр зохион байгуулж, давхардсан тоогоор хэвлэл мэдээллийн нийт 1260 байгууллагын 2160 сэтгүүлчийг хамруулсан юм.

\"\" 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж \"Өнгөрсөн гурван жилд бидэнтэй хамт байж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийг ард түмэнд хүргэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид 21 аймгийн иргэдтэй уулзаж, зуу гаруй шүүхэд ажиллалаа. Иргэд шүүхийн шинэтгэлийн талаар бүрэн мэдээлэлтэй байгаа нь Та бүхний шүүхийн шинэтгэлд оруулсан том хувь нэмэр. Шүүхийн ерөнхий зөвлөл гурван жилийн өмнө байгуулагдахдаа сар бүр хэвлэлийн бага хурал хийдэг жишгийг тогтоосон. Би сэтгүүлзүйн гал тогоонд таван жил ажиллаж, тэндээ бас нэгэн том \"сургууль” төгссөн учраас сэтгүүлчийн үүрэг, хариуцлагыг сайн мэдэрдэг юм. Үүнээс гадна шүүхийн ил тод, нээлттэй байдал гэдэг бол ойлголцол, хамгааллын хамгийн сайн баталгаа. Хэвлэл мэдээлэлд нээлттэй байхгүй бол \"Барын зулзагыг бага дээр нь” гэдэг шиг шүүхийн шинэтгэлийг \"багалзуурдаад” хаячих хүч нийгэмд байсан. Монголд шинэ юманд дургүй хүн асар олон бий. Энэ утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөл асар их эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс бид нээлттэй, ил тод байдлаараа хамгаалалттай байя гэдэг үүднээс гурван жилийн өмнө та бүхнийг урьж хийх ажил, бэрхшээл зовлонгоо нуулгүйгээр мэдээлж, ярилцаж байсан. Одоо ч тийм байгаа. Гурван жилийн хугацаанд 2160 сэтгүүлч \"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг олон нийтэд мэдээлсэн статистик гарсан. Цаашид ч энэ үйл ажиллагаагаа улам идэвхитэй явуулж, та бүхний хүсч байгаа мэдээллийг өгөхөд өөрсдөөсөө шалтгаалах бүх арга хэмжээг авч ажиллах болно” гэлээ.


 

Сэтгүүлчдийн төлөөлөл Шүүхийн ерөнхий зөвлөлийг нээлттэй, ил тод ажилладагт талархлаа илэрхийлсэн юм. Мөн хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн сэтгүүлчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдээс шүүх хуралдааныг сурвалжлах журмын тухай болон цаг үеийн бусад сэдвээр сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан ярилцлаа.

\"\" 

 

\"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралд сар бүр мэдээлэл хийж ажилласан албаны эх сурвалжууд болон тогтмол онлайнаар холбогдож идэвхтэй оролцсон нийт Шүүхийн тамгын газруудад талархал илэрхийлье.

\"\"


Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс