Увс аймгийн Зүүнговь сумын иргэн Я.Дэлгэрмаа шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд суусан талаарх сэтгэгдлээ ирүүлсэн юм. Увс аймгийн 80 гаруй мянган иргэдийн дундаас шүүхэд иргэдийн төлөөлөгч болж шүүх хуралдаанд сууж, дүгнэлт гаргасандаа баяртай байна. Шүүх хуралд анх удаагаа сууж байгаа нь энэ юм. Насанд хүрээгүй хүүхдүүд дээрмийн гэмт хэрэг хийгээд, ингээд шүүгдэж байгааг хараад өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан ч нөгөө талаар \"Яах гэж ийм зүйлд холбогддог байна” гэж бодогддог юм билээ. Гэхдээ хуулийг биелүүлж, дагаж мөрдөх ёстой, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ёстой, зөрчсөн хүнд хариуцлага тооцох ёстой. Энэ бүхэн иргэн бүрт адил тэгш байх ёстой гэж боддог. Иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд суулгасанаар шүүхийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хээл хахууль, авлигад идэгдсэн энэ нийгэмд шүүхэд иргэдийн итгэх итгэлийг бага ч болов нэмэгдүүлэхэд хэрэгтэй зүйл болсон санагдсан. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоноо 2016 оны 1 дүгээр сард мэдсэн. \"Шүүхээс ярьж байна, та манай шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр суух иргэнээр сонгогдсон байна” гэж ярьж байсан. Мөн манай сумын Засаг даргын Тамгын газрын дарга надад \"Иргэдийн төлөөлөгчийн талаарх гарын авлага” өгч ямар эрх, үүрэгтэй, яаж шүүх хуралдаанд оролцох, ямар зорилготой талаар анхны мэдэгдэхүүн өгсөн байсан. Үүний дараагаар \"Та шүүх хуралдаанд суух иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож байна” гэж дахин шүүхээс ярьсан. Тэгээд сумаас гараад шүүх дээр очиход шүүгчийн туслах угтан авч, бүх зүйлийг тайлбарлаж өгөөд, хэргийн материалтай танилцуулж байгаа нь зүгээр санагдсан. Шүүгдэж байгаа хүний талаар дүгнэлт гаргана гэдэг амаргүй юм билээ. Гэхдээ л иргэн хүний хийх ёстой зүйл юм. Шүүхийн нийт албан хаагчдад ажилд нь амжилт хүсье. Та бүхний гаргасан шийдвэр нэг бус, нилээн хэдэн хүний амьдарлыг шийдвэрлэдэг юм шүү, гаргах шийдвэр тань хуулийн дагуу байна гэдэгт би итгэж байна.