УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академитай хамтран 1 дүгээр сарын 25-ны өдөр \"Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Лүндээжанцан уг хурлыг нээж хэлсэн үгэндээ \"Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг эрхэм зорилгодоо нийцүүлэн үндэсний эрх зүйн тогтолцооны эх суурийг бий болгохоор нийтээрээ ихэд хичээн зүтгэсэн. Ийнхүү Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш 25 жилийн хугацаа улиран одож, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралд маш олон хувирал өөрчлөлт бий болсон нь тодорхой. Энэ бүхэнтэй уялдан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох үндэслэл, эрэлт хэрэгцээ шаардлага бий боллоо”хэмээв.
Эрдэм шинжилгээний хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Н.Лүндэндорж \"Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр УИХ, Засгийн газар хоорондоо хяналт, тэнцвэртэй эсэх, хууль техникийн буруу бичилт, ойлголтыг засах шаардлага байгаа эсэх, Үндсэн хуулийн зохицуулалтыг тэлэх хэрэгцээ байгаа эсэх сэдвийг хөндөж илтгэл тавьсан юм. Үндсэн хуулийн эрх зүйн тэлэлт хийх шаардлагатай үндэслэл нь Үндсэн хууль хүний эрхийн жагсаалт, гурван эрх мэдлийн хийх ёстой болон ёсгүй зүйлийн хэм хэмжээнээс тэлж, хөгжлийн хөтөч болсныг илтгэлдээ онцоллоо.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлагын газрын дарга, хууль зүйн ухааны магистр Ж.Сайнхишиг \"Үндсэн хуулийн эдийн засгийн үзэл баримтлалын үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийг шинжлэх нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Монгол Улсын Академич Г.Чулуунбаатар \"Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт: хэрэгцээ, шаардлага ба тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавихдаа Үндсэн хуулийн эдийн засгийн судалгаа манай улсад сул хөгжсөн, цаашид хөгжүүлэх шаардлага бий болсон талаар дурдлаа. Мөнтодорхой хэрэг, маргаан шийдвэрлэх явцад Хүний үндсэн эрх зөрчигдвөл энэ үндэслэлээр Цэцэд хандах эрх Үндсэн хуулиар хамгаалагдаагүй. Шүүхийн бүх шатыг дуусгасан боловч үндсэн эрх нь зөрчигдсөн хэвээр байна гэж иргэн үзсэн бол Цэцэд хандах, үүний тулд Дээд шүүх ба Цэцийн харилцааг зааглаж, Цэцийн шийдвэр эцсийнх байх зохицуулалтыг илтгэлдээ дурдаж байв.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар \"Үндсэн хуульт хөгжлийн загвар, асуудал шийдэл” сэдвийн дор илтгэл тавихдаа Гадаад дотоод орчин нөхцөл байдлын өөрчлөлт хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Үндсэн хуулийн үйлчлэл, хэрэгжилтийн гажуудлын тухай, Үндсэн хуульт хөгжлийн загварын харьцуулсан судалгаа, дүгнэлт зэрэг сэдвүүдийг хөндсөн юм.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг \"Үндсэн хуулийн өөрчлөлт, нутгийн удирдлага”, УИХ-ын гишүүн асан, Улаанбаатар бодлогын судалгааны төвийн зөвлөх М.Батчимэг \"Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага: Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцэл”, Монгол Үндэсний Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл \"Үндэсний эрх ашгаар төрөө бэхжүүлэх нь”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан \"Монгол Улс дахь Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдвийн дор тус тус илтгэл тавилаа.
Эрдэм шинжилгээний хурлын хэлэлцүүлгийн үеэр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга асан Д.Содном Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж буйгаа илэрхийлж, санал тавьсан юм. Тухайлбал, УИХбол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү тэнд хадгална. Мөн УИХ-ыг Дээд ба Доод буюу хоёр танхимтай байлгах өөрчлөлт оруулах талаар санал хэлж байв.
Тус эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүд, УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдорж, Л.Цог, АИХ-ын депутат, 1992 онд Үндсэн хууль батлахад гар бие оролцож байсан УБХ-ын гишүүд, мөн хууль зүйн шинжлэх ухааны академич, доктор, профессор, эрдэмтэн судлаачид болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс