Н.Лүндэндорж: Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил шүүх тогтолцооноосоо шууд хамаарна

  • 2017-04-14 10:49:15


\"Н.Лүндэндорж:

Ерөнхийлөгчийн ажлыг иргэдээр дүгнүүлэх \"Ардын үг\" иргэдийн зөвлөлдөх аян энэ удаад \"Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” сэдвээр үргэлжилж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус сэдвийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.

-Та \"Шүүхийн шинэтгэл бол зөвхөн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж байгаа хүмүүст биш бүх иргэнд хамаатай\" гэж хэлсэн байдаг. Энэ үгээс яриагаа эхэлье. Яагаад бүх иргэдэд хамаатай гэж?

-Дэлхийн улс орны хөгжлийн процессыг маш олон эрдэмтэд судалсан байдаг. Харьцуулсан судалгаа ч бий. Эдгээр судалгаанаас харахад, хараат бус, шударга шүүхийн тогтолцоог тогтоосон улс орон л хөгжсөн байдаг юм. Шүүх тогтолцоо нь муу улс орны иргэд эрх чөлөөгөө эдэлж чаддаггүй. Үүнээсээ болоод иргэний дайн, самуун, мөргөлдөөн их болдог. Өөрөөр хэлбэл, шударга шүүхийг бий болгохгүй бол нийгэмд сөрөг, муу үр дагавартай зүйлүүд аяндаа үржээд гарч ирдэг юм. Тийм учраас улс үндэстний хамгийн үнэ цэнэтэй зүйл болох хүнийг хүн ёсоор амьдруулах гол нөхцөлийг хараат бус, бие даасан шүүх хангаж өгч байдаг. Тэгэхээр иргэн бүрт хамаатай гэсэн үг. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 онд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө шүүхийн шинэтгэлийн асуудлыг оруулж өгсөн байдаг. Ингээд Ерөнхийлөгчөөр ажилласан эхний дөрвөн жилдээ Шүүхийн шинэтгэлийн асуудлаар бодлогоо боловсруулаад, хуулиудыг батлуулсан. Дараагийн дөрвөн жилд нь хэрэгжүүлээд нэлээд сайн үр дүн авчирсан байдаг. \"Ардын үг\" зөвлөлдөх аянаар шүүхийн шинэтгэлийн асуудлын нэгээхэн хэсгийг л дүгнэнэ. Харин 10 жилийн дараа Ц.Элбэгдорж гэдэг хүн шүүхийн шинэтгэлд ямар эерэг өөрчлөлт авчирсан бэ гэдэг нь тодорхой болно. Түүх шүүнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шүүхийн шинэтгэл гээд байгаа зүйл бол дөрвөн жил, найман жилд үр дүнгээ өгчихдөг амар хялбар зүйл биш юм.

-Шүүхийн шинэтгэл гэж нэлээд олон жил ярьж байгаа. Та мэргэжлийн эрдэмтэн хүний хувьд шүүхийн шинэтгэл гэж яг юу болохыг маш ойлгомжтой байдлаар хэлж өгөөч. Мөн нүдэнд харагдаж байгаа ямар бодит үр дүн гарсныг хэлж болох уу?

-Ямар үр дүн гарсан бэ гэдгийг судалсан. Судалгаагаар 10 үр дүн гарсан гэж үзэж байгаа. Эдгээрээс дурдвал, нэгдүгээр, шүүх эрх мэдлийг Монгол Улсын Ерөнхийлөгч эрх зүйн хомсдолоос гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүх засаглал гэдэг айл өөрийнхөө үйл ажиллагаа зохицуулсан, хамгаалсан, бие даасан байдлаа хангасан хуульгүй явж ирсэн гэвэл хүн итгэх үү. Ганцхан хууль байсан юм. Тэр нь 2002 онд батлагдсан хууль. Би түүнийг 2006 онд \"Монголоос муу хууль олоод ир гэвэл 2002 оны тэр хуулийг л олж аваачиж өгөх байх даа\" гэж хэлж байсан удаатай. Харин өнөөдөр шүүхийн үйл ажиллагааг иж бүрэн зохицуулсан багц хуультай болсон байна. Үүнийг бид өөрсдөө дүгнээгүй. ХБНГУ-ын мэргэжлийн байгууллага манай улсын шүүхийн үйл ажиллагаанд бүрэн зураглал хийсэн. Маш сайн шүүхийн тогтолцоотой болсон гэдгийг тус байгууллагаар дамжуулан дэлхийд зарласан шүү дээ. Тэр байгууллагын гаргасан дүгнэлтэд Ерөнхийлөгчийн санаачилсан багц хуулийг нэг өгүүлбэрээр дүгнэсэн байгаа. Юу гэж дүгнэсэн гэхээр \"Монгол Улсын шүүхийн хууль тогтоомжууд нь дэлхийн стандартад бүрэн нийцээд, үндэснийхээ шүүхийн тогтолцоонд хэрэгжиж байна\" гэсэн байдаг. Тэгэхээр хөндлөнгийн хараат бус, мэргэжлийн энэ байгууллагын дүгнэлтэд итгэх эсэх нь ард иргэдийн итгэл үнэмшлийн асуудал гэж хэлмээр байна.

-Олон улсын мэргэжлийн байгууллага манай улсын шүүхийн тогтолцоо, хууль эрх зүйн орчныг маш сайн гэж дүгнэсэн гэж та хэллээ. Тэгвэл ингэж дүгнүүлсний дараа бид өөрсдөө юу хийх ёстой вэ?

-Ийм хууль эрх зүйн орчинтой болсныхоо үр дүнд бид Монголын шүүхэд хөдөлмөрийн хуваарийг анх удаа тогтоож чадлаа. Хөдөлмөрийн хуваарь гэж юуг хэлж байна гэхээр, шүүх, шүүгчийг бид мэргэшүүлж чадсан. Өмнө нь хөдөлмөрийн хуваарь тогтоогүй байсан гэвэл хүмүүс итгэхгүй байх. Ахмад шүүгч нар \"Би үдээс өмнө иргэний хэрэг шийдчихээд, үдээс хойш эрүүгийн хэрэг шийддэг байсан. Өөрийгөө универсаль гэж бодож явсан чинь, би үнэхээр гурилдаж явсан юм байна\" гэж ярьдаг. Түүний үр шимийг шүүхээр хэрэг маргаанаа таслуулж байгаа, үйлчилгээ авч байгаа жирийн иргэн л хүртэж байгаа шүү дээ. Тэгэхээр эмчээр авч үзвэл өмнө нь, шүдний эмч шүд ч эмчилж байсан, нүд ч эмчилж байсан гэсэн үг. Тэгвэл өнөөдөр шүдний эмч шүдээ, нүдний эмч нүдээ л эмчилдэг болсон байна. Энэ тогтолцоог Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн хүрээнд л бий болгосон. Дэлхийн бусад улс орны шүүхийг харахаар гэр бүлийн шүүх, хүүхдийн шүүх, уул уурхайн шүүх гээд салбарлаад аль хэдийнэ яваад өгсөн байна. Бид түүний араас явах хэрэгтэй. Шүүхийн шинэтгэл бол тэр зүгт явах замын эхлэл гэж хэлж болно. Мөн Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага нээлттэй шүүхийн талаар дурдсан байдаг. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд бий болсон нээлттэй шүүх АНУ-аас илүү нээлттэй, Германаас илүү нээлттэй шүү. Харин хэт нээлттэй болохоор хүний эрхийн асуудал яригдаж байна гэсэн санал шүүмж гарч байгаа. Тэгэхээр миний хувьд зарим тохиолдолд нээлттэй байдлыг жаахан хумих хэрэгтэй болов уу гэж бодож байгаа.    

-Нээлттэй байгаа нь хяналтын маш том тогтолцоог бий болгосон гэдэг...

-Шүүхийн болон шүүгчийн хараат бус байдлыг Шүүхийн ерөнхий зөвлөл, эсвэл Шүүхийн захиргааны байгууллага хянана гэдэг ойлголт дэлхийд байгаагүй. Харин нээлттэй байгаа нь олон нийтийн хяналтад л оруулчихаж байгаа юм. Шүүхийн хараат бус байдал бол хоёр зүйлээр шалгагдаж байдаг. Шүүх бие даасан уу, шүүгчийн хараат бус байдал хангагдсан уу гэдэг хоёр стандартыг хангаснаар Монголд хараат бус шүүх тогтолцоо нэлээд сайн хангагдлаа гэж үзэж болно. Ер нь хараат бус шүүхийг бий болгосон улс дэлхийн 200 орчимд улсад байхгүй. Хараат бус шүүх тогтолцоонд хүрлээ гэхэд дараагийн төвшнийг шаардаж байдаг.

-Шүүхэд итгэх итгэлийн тухай сүүлийн үед их ярих болсон. Мэргэжлийн байгууллагууд иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдсэн гэж байна. Та энэ талаар тодруулахгүй юү?

-Нийгэмд банк, шүүх гэсэн хоёр байгууллага л итгэдийн итгэл дээр тогтож байдаг юм. 2000 оны эхээр 10 монгол хүний гурав нь Монголын шүүхэд итгэдэг байсан. Харин 2015 онд гарсан судалгаагаар шүүхээс үйлчилгээ авсан хүмүүсийн 81 хувь нь шүүхэд итгэж байна гэсэн. Харин шүүхээс үйлчилгээ аваагүй хүмүүсийн 61 хувь нь шүүхэд итгэдэг гэсэн судалгаа гарсан байна лээ. Гэхдээ бүх хүн Монголын шүүхэд итгэдэг болсон гэж хэлж болохгүй. Нэг дуулиантай шүүх хурал болоход иргэдийн итгэл дахиад л буурчихдаг. Ийм л хэврэг зүйл юм. Гэхдээ шүүхийн шинэтгэлийн үр дүнд иргэдийн шүүхэд итгэх итгэл 20 хувиас 80 хувь болтлоо өссөн байна.

-Шүүхийн шинэтгэл улс орны хөгжилд хэрхэн нөлөөлдөг юм бэ?

-Шүүхдээ итгэх нь маш чухал зүйл. Шүүхдээ итгэхгүй бол Монголын хөгжил зогсонги байдалд орно гэсэн үг. Монгол Улс тусгаар тогтнолтой байна уу үгүй юу гэдэг ч шүүхээс хамаарч байгаа шүү.

 

Эх сурвалж: http://eagle.mn/

 
 
 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 25   
ХЭВЛЭХ