Увс аймаг дахь шүүхийн тамгын газар нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 31-ний өдрүүдэд Увс аймгийн Наранбулаг, Тариалан, Түргэн, Сагил, Давст сумуудад энэ оноос шинээр дагаж мөрдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн талаар тодорхой мэдээлэлийг өгч ажилласан ба уг үйл ажиллагаанд 250 гаруй хүн оролцлоо.
Мөн тус шүүхийн тамгын газар нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тараах материалыг Увс аймгийн Наранбулаг, Тариалан, Түргэн, Сагил, Давст сумуудын Засаг даргын тамгын газрын байранд байршууллаа. Уг мэдээллийн самбарт шүүхүүдийн танилцуулга, шүүхэд нэхэмжлэл гомдол хэрхэн гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, шүүн таслах ажиллагааны мэдээ зэрэг хөдөөгийн иргэдэд нэн шаардлагатай мэдээллийг хүргэлээ.
Сумдад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, өргөдөл гомдлыг хэрхэн хурдан хугацаанд зардал чирэгдэл, цаг заваа алдахгүйгээр шийдвэрлэх боломж, өнгөрсөн хугацаанд эвлэрсэн үр дүнгийн талаар танилцуулга бэлтгэж хүргэлээ. Дээрхи сумдаас иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдтэй уулзаж, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг танилцуулж, шүүх хуралд хэрхэн оролцох талаарх гарын авлага материалаар хангаж, сургалт зохион байгууллаа.