ЭМГЭНЭЛ

  • 2017-12-04 11:26:00

\"\" 
Увс аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч асан Баасангийн Лхамхүү 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд гүн эмгэнэж байна. Б.Лхамхүү нь 1952 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. Тэрээр 1975-1985 онд Улсын Прокурорын газарт мөрдөн байцаагч,прокурор, 1986-1995 онд Увс аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт Худалдаа бэлтгэл ангийн дарга, захирал, 1995 оноос 2012 он хүртэл Увс аймагт Сум дундын шүүхийн шүүгч, Аймгийн шүүхийн шүүгч, Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байлаа. Б.Лхамхүү нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг тогтоон бэхжүүлэх, шүүхийн хараат бус байдлыг бүрдүүлэх, шүүхийн менежментийг боловсронгуй болгох, орон нутаг дахь анхан шатны шүүхийг илүү нээлттэй, хүртээмжтэй ажиллахад хамт олноо манлайлан ажиллаж, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллахдаа орон нутагтаа улсын хэмжээний 2 удаагийн онол, практикийн бага хурлыг амжилттай удирдан зохион байгуулсан бөгөөд залгамж халаа, залуу шүүгчдийг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ өндрөөр оруулж байсан юм. Түүний шүүх эрх мэдлийн хөгжилд оруулсан хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал \"Алтангадас одон”, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиуд, Шүүхийн тэргүүний ажилтан болон бусад одон медалиар шагнажээ. Б.Лхамхүү нь манлайлан удирдагч, сурган хүмүүжүүлэгч, бидний хайртай дотны зөвлөгч, эрхэм нөхөр байлаа. Талийгаачийн төлөв даруу, шударга, зарчимч, хөдөлмөрч зан чанар, шүүгчийн өндөр ур чадвар, шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
 
Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газрын хамт олон
  
2017.12.04