Баруун бүсийн шүүхийн байгууллагуудын шүүгч, ажилтнууд оролцсон \"Очирваань 2019” спортын наадмыг Завхан аймгийн Улиастай суманд 2019 оны 05 дугаар сарын 03-наас 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд Завхан аймгийн шүүхийн хамт олон зохион байгууллаа. Спортын наадамд Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Ховд аймаг дахь Булган сумын сум дундын шүүх, Завхан аймаг дахь Тосонцэнгэл сумын сум дундын шүүхийн баг тамирчид оролцож дартс, шатар, усанд сэлэлт, теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн спортын 6 төрлийн хүрээнд 93 багц медалын төлөө өрсөлдлөө.
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг \"Хуульчийн Про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээрболсон. Үүнтэй холбогдуулан Увс аймаг салбарын хуульчид өөрсдийн санаачлагаар аймгийн төв номын санд 392 ширхэг хууль, эрх зүйн онолын ном хандивлах арга хэмжээг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Хуульчдын Холбооноос улс, орон даяар зохион байгуулсан \"Хуульчийн Про-Боно-2019” өдөрлөг \"Гиваан баатрынталбай”-д 2019.05.01-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний алба, Хууль зүйн туслалцааны төв, Гаалийн газар, МХГ, ХХҮГ, Онцгой байдлын газар, Хилийн 0245 дугаар анги, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс оролцон иргэдэд байгууллагын үйл ажиллагааг сурталчилан, \"Эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил үйлчилгээний талаар болон бусад асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөөг өгсөн. Тус арга хэмжээнд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдан, оролцож, шүүхийн мэдээлэл лавлагааны алба иргэдээс нэхэмжлэл, хүсэлт хүлээн авч, иргэн, эрүү, захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах, ажилтнуудад хэрэг маргааны төрлөөр нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд сонирхсон асуудлаар мэдээ, мэдээлэл өгч, шүүхийн үйл ажиллагааны талаар гарын авлага, боршур, зурагт хуудсыг тарааж, иргэдээс шүүхийн үйлчилгээний талаар санал асуулга авч ажиллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг орон нутгийн \"Увс нам бус”телевиз иргэдэд шууд нэвтрүүлж, сурвалжилан, ажилласан байна.
Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас \"Хуульчийн про боно өдөр”-ийг тохиолдуулан 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаангом сумын ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн багш болон ахлах ангийн сурагчдын төлөөллийг оролцуулан Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхүүдтэй танилцууллаа. Мөн Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа Монгол Улсын шүүхийн бүтэц, зохион байгуулалт, Шүүхэд мэдүүлэх эрх болон Боловсролын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, нийгмийн багш болон сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.